2025 оны шилдэг гэрэл зургаар Э.Мөнхчулууны “Тайгын үр сад” зураг шалгарлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-11-20 20:12:33

Улаанбаатар, 2025 оны арваннэгдүгээр сарын 20 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Монголын байгалийн гэрэл зурагчдын нийгэмлэгээс зохион байгуулсан "Монголын байгалийн шилдэг гэрэл зураг-2025" олон улсын дөрөв дэх удаагийн уралдааны шилдэг бүтээлийн шагнал гардуулах үйл ажиллагаа болон шилдэг гэрэл зургийн нэгдсэн үзэсгэлэн “Норпей Арт” галерейд өнөөдөр боллоо.


Энэхүү уралдаан нь Монгол Улсыг зорих гадаадын гэрэл зурагчдын тоог нэмэгдүүлэх, дотоодын зурагчдын бүтээлийг олон улсад сурталчлан таниулах, Монголд аялал жуулчлалын урсгалыг татах, байгалийн үзэсгэлэн болон ахуй соёлын онцлогоо бусдад таниулах зэрэг олон талын ач холбогдолтой юм.


Тус уралдаанд долоон улс орноос 103 гэрэл зурагчид оролцож 732 бүтээл ирүүлжээ. Үүнд:

  • Үзэсгэлэнт байгаль төрөлд 201
  • Монгол ахуй, соёлын төрөл 250
  • Зэрлэг амьтан төрөл 161
  • Агаарын гэрэл зураг төрөл 120 бүтээл ирүүлсэн байна.

Уралдаанд ирүүлсэн бүтээл бүгд өөр өөрийн онцлог бүхий Монгол орны гоо үзэсгэлэнг тал талаас нь харуулсан бүтээл  бөгөөд дэлхийн хэмжээнд Монгол Улсыг таниулах ажилд үнэтэй хувь нэмэр оруулна хэмээн зохион байгуулагчид онцлов. 2025 оны шилдгийн шилдэг гэрэл зургаар Э.Мөнхчулууны “Тайгын үр сад зураг шалгарлаа. 

Үзэсгэлэнт байгаль төрөлд:

  • Тэргүүн байрт Б.Эрдэнэбулганы “Байгальтайгаа зохицон амьдрах нь”
  • Хоёрдугаар байрт Б.Эрдэнэбулганы “Диваажинд амьдрахуй дор”
  • Гуравдугаар байрт Швейцарын зурагчин Эрик Вон Шүлтцын “Оддын доорх хүрхрээ”

Монгол ахуй төрөлд:

  • Тэргүүн байрт Э.Буянзаяагийн “Хайрын мадригал”
  • Хоёрдугаар байрт Б.Эрдэнэбулганы “Бүргэдтэй анчид”
  • Гуравдугаар байрт М.Ганзоригийн  “Өглөө”

Зэрлэг байгаль төрөлд:

  • Тэргүүн байрт Г.Батсүхийн “Ойн чимээ”
  • Хоёрдугаар байрт Э.Мөнхбаярын “Өд сөдний дууль
  • Гуравдугаар байрт Б.Баатарсүрэнгийн “Говийн хулан”

Агаарын гэрэл зураг төрөлд:

  • Тэргүүн байрт Г.Батсүхийн “Нарны туяанд гялалзах тэмээн сүрэг”
  • Хоёрдугаар байрт Б.Эрдэнэбулганы “Байгалийн хээ”
  • Гуравдугаар байрт Ж.Амартүвшиний “Ойн гүн дэх модон байшин”

Тусгай байрт Ц.Алтангэрэлийн “Тогорууны сүүдэр” бүтээл шалгарчээ. 


Монголын болон олон улсын шүүгчид хамтран ажилласан тус уралдааныг олон улсын хэмжээний нэр хүндтэй гэрэл зурагчид, судлаачид болох Дан Буркхолдер, Даниель Кордан, Г.Октябрь, Жатенипат Кетрападит, Майкль Древ, Хамид Сардар, Б.Баяр, Тобиас Хагг зэрэг шүүгчид гэрэл зурагчны нэрийг нууцалсан тусгайлсан код бүхий зурагнуудад оноо өгч, тэдгээрийн онооны нийлбэрийг гаргаж, хамгийн өндөр оноотой зурагнууд дээр хэлэлцүүлэг, шүүмж өрнүүлжээ. 

 

Энэ жилийн тухайд залуу гэрэл зурагчдын оролцоо өмнөх жилүүдийнхээс өссөн байна.  


Тус уралдааны шилдэг бүтээлийн үзэсгэлэн энэ сарын 25-ныг хүртэл үргэлжлэх юм.

 




















 

 

相关新闻