Сувиллын яслийн засвар шаардлага хангасангүй
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАНБулган аймгийн Нийгмийн халамжийн харьяа Сувиллын яслийн засвар маш муу хийгджээ. 2015 оны зун Орон нутгийн хөгжлийн сангаас 50 сая төгрөгийн төсөв баталж, Худалдан авах ажиллагааны албаар дамжуулан тендэр зарлажээ.
Хуулийн дагуу Орхон аймгийн харьяа "Ричи ойл" ХХК шалгаран засварын ажлыг эхлүүлсэн. Тус компани нь өөрийн гэсэн ажилчидгүй, Булган аймгийн МСҮТ - ийн барилгын засал чимэглэлийн ангийн оюутнуудаар, хамгийн хямд, чанар муутай материалаар засварын ажлыг хийлгэжээ. Гэтэл өнгөрсөн өвөл дуусаагүй байхад засвар хийсэн хана таазны замаск ховхорч, будаг нь хөвхийсөн байна. "н.Даваасүрэн захиралтай тус компани нь тодорхой ажилчидгүй, хаана ямар ажил хийдэг нь мэдэгдэхгүй, мөн аймгийн ГХБХБ - ын албанаас ирсэн хяналтын инженерт хээл хахууль өгсөн нь тодорхой. Тиймээс чанар муу барилгын засварыг хүлээж авсан, хяналт тавьсан албан тушаалтнууд нь ч хариуцлага муу байлаа. Сувиллын ясли, хүүхдүүдийн эрх ашгийг зөрчсөн үйлдэл болсон тул дахин засвар хийлгэхээр хөөцөлдөнө болохгүй бол шүүхэд хандана гэж бодож байна, энэ 50 сая төгрөг ямар ч үр ашиггүй өнгөрлөө гэдэг мэдээллийг Булган аймгийн Нийгмийн халамжийн хэлтсийн холбогдох албаны мэргэжилтэн мэдээллээ.
П.Батням