“Нүүдэлчдийн агсарга бүс” тусгай үзэсгэлэнг нээлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Нүүдэлчдийн асгарга бүс" тусгай үзэсгэлэнг Монголын Үндэсний музейд өнөөдөр нээлээ.
Үзэсгэлэнг нээж тус музейн захирал Л.Жаргал хэлэхдээ, энэхүү үзэсгэлэн музейн сан хөмрөг болон хувь
цуглуулагчдын цуглуулгад хадгалж
буй асгарга бүстэй холбогдох үзмэр цуглуулгыг дээжлэн олон нийтэд нээлттэй
толилуулахдаа эрдэм шинжилгээний каталог номтой мөн эрдэм шинжилгээний хуралтай
зохион байгуулж буйг онцлов.
Бүс
нь нүүдэлчдийн амьдралын хэв маягт тохирсон байдаг ба морь унахад гэдэс зайлах,
бөөр доргих, нуруу чилэх хамгаалах чухал үүрэгтэй төдийгүй, нийгмийн зэрэг
зиндаа, эрх мэдлийг илтгэх чухал зүйл болон хөгжжээ. Тийм ч учраас эрт үеэс
бүсний арал, бэл тоногийг алт, мөнгө, үнэт чулуу хүрэл, яс, мод зэргээр урлан чимэглэдэг
байжээ.
Түүнчлэн
бүсний арал дээр олон төрлийн амьтны дүр хээ угалз дүрслэх бөгөөд энэ нь эртний нүүдэлчдийн гоо зүйн илэрхийлэл, ертөнцийг үзэх үзлийг
илтгэн харуулах өргөн утга агуулга илэрхийлдэг. Бүс нь мөн эртнээс улс орон хүн
хооронд эв найрамдал тогтоох, тангаргийн эрхэм дээд бэлэг болдог байсан ба бүс
эрхэмлэх уламжлал хожмын монголчуудад ч өвлөгдөн иржээ.
Монгол
нутагт амьдарч байсан эртний хүмүүс бүс хэрэглэх болсон нь лавтай түрүү хүрлийн
үе буюу одоогоос 4000-4500 орчим жилийн тэртээд холбогдох ажээ. Харин хожуу
хүрлийн үеэс морьтон нүүдэлчид бий болж мал аж ахуй, ан агнуурыг эдийн засгийн
чиг болгон хөгжүүлж ирсэн ба байнгын хөдөлгөөнт хэлбэрт амьдардаг хүмүүст ойр
хэрэгцээний чухал зүйлсийг биедээ агуулж явах амьдралын шаардлага урган гарч
энэ үеэс агсаргын иж бүрдэл маш баялаг болж олон төрлийн зэвсэг, эд зүйлсийг
агсаж /зүүж/ явах болсон байна.
Бүснээс
агсах зүйлсийг тоочин өгүүлбэл хоромсого, саадаг, илд, хутга, чичлүүр, билүү
чулуу, гал асаагуур, аливаа зүйл агуулах хавтага, чичлүүр, толь, аяга, халбага,
савх, эвэр шор, гоо заслын хэрэгсэл зэрэг багтана. Энэ нь нэг талаар мориноос бууж мордох аль ч
үед биеэс салахгүй тул хаяж гээхгүй, тээж явахад төвөг саад багатай, хэрэглэхэд
гарын дор ойр зэрэг олон давуу
талтай юм.
Нүүдэлчдийн агсаргын уламжлалд 3000 гаруй жилийн хугацаанд төдий л онцын өөрчлөлт гаралгүй XX зууны үетэй залгасан гэж үзэж болно. Үүнийг тэдний эрхэлж байсан аж ахуйн нийтлэг байдалтай холбон ойлгож болно. Чухам агсаргын бүрдэл хэсгүүд зарим цагт нэмэгдэх эсвэл хасагдах зарчмаар шинэчлэгдэж ирсэн ба тэдгээрийн дотроос ямар нэгэн хутга, гал гаргах хэрэгсэл нь биедээ авч явах зүйлсийн тэргүүн эгнээнд багтдаг аж.