МОНЦАМЭ агентлагийг МЗХ-ны 95 жилийн ойн медалиар шагнав
МОНГОЛЫН МЭДЭЭМонголын Залуучуудын Байгууллага үүсч хөгжсөний 95 жил, Монголын Залуучуудын Холбооны 25 жилийн ойн хүрээнд өнөөдөр МЗХ-ноос хамтран ажилладаг 60 гаруй байгууллагад талархалаа илэрхийлэв. Энэ хүрээнд Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийг тус холбооны зүгээс 95 жилийн ойн медалиар шагнаж урамшууллаа.
МЗХ-ны дэд Ерөнхийлөгч Ө.Шинэхүү уг арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ 1921 оны 8 дугаар сарын 25-ны өдөр жанжин Д.Сүхбаатарын санаачилгаар ”Бошгыг халах залуучуудын эвлэл” нэртэйгээр байгуулагдаж байсан залуучуудын байгууллага өнөөдөр 95 нас хүрээд буйг дурдаад "Тус холбоо өнөөдөр 21 аймаг, 9 дүүрэгт салбар холбоо, чиглэлийн салбар холбоо, зөвлөл, клуб, хороод гэсэн 1200 гаруй салбар нэгжтэй болоод байна. МЗХ үндэсний хэмжээний залуучуудын төв байгууллага болохын хувьд залуучуудын нийтлэг эрх ашгийг хамгаалж, тэдний хүсэл сонирхлыг илэрхийлэгч байх үүргээ биелүүлж, тэдний өмнө тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх боломж нөхцөл бүрдүүлэхийн төлөө хичээнгүйлэн ажилласаар ирлээ. Хамгийн сүүлд АСЕМ-ын дээд түвшний 11 дүгээр уулзалтын дагалдах хурлуудын нэг АСЕМ-ын Залуучуудын Чуулганыг Улаанбаатар хотноо амжилттай зохион байгууллаа" гэв.
Энэ үеэр МЗХ-ны 95 жилийн ойн медалиар Монос групп, Монлаа ХХК, Bridge группийн EVERYDAY, Интерактив, Moбиком, Номин холдинг, Атар өргөө ХХК, Сүү ХХК, Нийслэлийн замын цагдаагийн газар, БОСА ХХК, Блю гоулд ХХК, Citynet, Өгөөж ХХК, Чингис шар айраг ХХК, Тэнгэрийн хишиг ХХК, ХҮнс комплекс, UFC групп, АПУ, Голомт банк, Хаан банк бизнес харилцааны хэсэг, “Canondale” унадаг дугуйн дэлгүүр, Gmobile, Төмөр трейд, Монлаа ХХК , Bridge группийн EVERYDAY салбар, Интерактив, Mind Tech ХХК, Номин холдинг, Скайтэл, Эрин интернэшнл, Атар өргөө ХХК, Харилцаа холбооны зохицуулах хороо зэрэг 40 гаруй байгууллагыг, хэвлэл мэдээлэл болон соёл урлагийн салбараас Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, Өнөөдөр, Өглөөний сонин, Өдрийн сонин, Зууны мэдээ, Монголын сайтын холбоо, MNB.mn, Ikon.mn, News.mn, VTV телевиз, TV5, Eagle, ТМ, ТВ10, TV8 телевиз, Язгуур нэгдэл, Урлагийн залуучуудын холбоо зэрэг 20-иод байгууллагыг тус тус шагналаа.
Түүнчлэн залуучуудын бүхий л үйл ажиллагааг дэмжин ая дуугаа өргөдөг "Увертура" хамтлаг, Хүүхэд залуучуудын “Улаан театр” болон язгуур урлагийн "Жонон" хамтлагт МЗХ-ны “Хөдөлмөрийн алдар” медаль гардуулсан юм.
Б.Туул
Гэрэл зургийг Н.Батбаяр