Хүнсний өдрийг “Хамтын хүчээр-чанартай хүнс, баталгаат ирээдүйн төлөө” уриан дор тэмдэглэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2025-09-22 15:58:04

Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 22 /МОНЦАМЭ/. Дэлхийн хүнсний өдрийг “Хамтын хүчээр-чанартай хүнс, баталгаат ирээдүйн төлөө” уриан дор 10 дугаар сарын 16-нд тэмдэглэнэ.


Хүнсний өдөр энэ онд НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын (FAO) 80 жилийн ойтой давхцаж байгаагаараа онцлог бөгөөд эл өдрөөр хүнсний аюулгүй байдлын ач холбогдлыг олон нийтэд таниулах, хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнээс гаралтай өвчлөл, эрсдэлийг багасгах, хүний эрүүл мэнд, эдийн засагт учруулах сөрөг нөлөөг багасгахад чиглэдэг билээ.


НҮБ-ын ХХААБ-аас Дэлхийн хүнсний өдрийг 1981 оноос тэмдэглэж иржээ. Тус өдрийг тохиолдуулан ХХААХҮЯ НҮБ-ын ХХААБ-ын суурин төлөөлөгчийн газар, Монголын хүнсчдийн нэгдсэн холбоотой хамтран “Хүнсний аюулгүй байдал” эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жилийн бага хурлыг “Хүнсний аюулгүй байдал-стандарт чанарын баталгаа” сэдвээр 10 дугаар сарын 1-ний өдөр зохион байгуулна. 


Мөн тус өдрийг угтан, ХХААХҮЯ-наас улсын хэмжээнд энэ сарын 20-ноос 11 дүгээр сарын 1-ний өдрүүдэд “Импортын хүнсний худалдаа-хяналт” аяныг өрнүүлж байна. Дээрх өдрүүдэд импортын хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг хянаж шалгах, худалдаа, үйлчилгээ эрхлэгч, импортлогч аж ахуйн нэгжүүд, худалдааны төвүүдийн үйл ажиллагааг үнэлэх, илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулах, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, цаашид хэрэгжүүлэх бодлого, үйл ажиллагааны чиглэлээр санал боловсруулах юм. Ингэснээр хүнсний аюулгүй байдлыг хангах, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах, эрүүл, чанартай хүнсээр хүн амыг тогтвортой хангах боломж дээшлэх аж. 



相关新闻