Монголын мэдээллийн технологийн инженерүүдийн ур чадвар өсч байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭММэдээлэл технологийн үндэсний паркаас өнөөдөр “Хүний нөөцийн ур чадвар-10 жил” сэдэвт семинарыг зохион байгууллаа.
Энэ үеэр Японы мэдээллийн технологийн хөгжлийг дэмжих агентлагийн дэд ерөнхийлөгч Огава Кэнжи “Мэдээлэл технологийн паспорт шалгалт”, ШУТИС-ийн холбооны инженерийн сургуулийн профессор А.Алтангэрэл “Мэдээллийн технологийн инженерүүдийн ур чадвар, онцлог” сэдвээр тус тус илтгэл тавилаа.
Мэдээллийн технологийн үндэсний паркийн дарга П.Наранцэцэг “Мэдээллийн технологийн инженерийн шалгалт Монгол оронд” сэдэвт илтгэлдээ, манайх инженерийн шалгалтыг Тайван, Малайз, Хятад, Солонгос, Япон зэрэг Азийн 7 оронтой хамтран зохион байгуулдаг. Манай улс 2006 онд инженерийн шалгалтыг анх удаа явуулсан бөгөөд энэ 7 орноос 14 шалгуулагч тэнцсэнээс 6 нь манай улсынх байсан. 2012-2013 онд 20-24 хүн тус шалгалтад тэнцсэн нь манай улсын хувьд тэнцэгчдийн тоо урьд онуудаас хамгийн өндөр гарсан үзүүлэлт юм. Өнгөрсөн онд Азийн 7 орны 16 мянган инженер шалгалт өгснөөс 1100 буюу 8 хувь нь тэнцэж дэлхийн түвшний инженер болж гарсан байдаг гэсэн юм. Түүнчлэн суралцагсад дээрх шалгалтыг өгч тэнцсэнээр өөрийн мэдлэгээ тодорхойлоод зогсохгүй, дэлхийн түвшний мэдээллийн технологийн инженерүүдэд тавигддаг таван болзлын нэгийг хангаж байгаа гэсэн үг юм хэмээн П.Наранцэцэг дарга ярьлаа.
Монголын мэдээллийн технологийн инженерүүдийн ур чадвар жилээс жилд өсч байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар Монголын мэдээлэл технологийн таван инженер гадаадад ажиллаж байгааг дээрх семинарын үеэр ярьж байлаа
Мэдээлэл технологийн үндэсний паркаас ийм семинарыг өнгөрсөн жилээс бүсчилсэн хэлбэрээр зохион байгуулж эхэлсэн бөгөөд өнгөрсөн онд Ховд, Дорнод аймагт хийжээ. Харин ирэх сарын 5-нд Өмнөговь аймагт дараагийн семинараа зохион байгуулахаар төлөвлөж байгаа аж.
М.Бумсүрэн
Гэрэл зургийг Н.Батбаяр