Загас их хэмжээгээр агнасан этгээдүүдийг илрүүлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-09-02 17:05:12

ЦЕГ-ын Мөрдөн Байцаах газрын Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг мөрдөх хэлтсээс зөвшөөрөлгүйгээр загас барьсан хэргийг илрүүлэн шалгаж байна.

Сэлэнгэ аймгийн харьяат 43 настай эрэгтэй О нарын гурван иргэн төв аймгийн Лүн сумын нутаг дэвсгэрт цулцуурт, булуу цагаан гэх хоёр төрлийн 40 гаруй загасыг  зөвшөөрөлгүйгээр барьсан байжээ. Загас барихдаа тор татан хийлдэг завь ашиглажээ.

Зөвшөөрөлгүйгээр ан агнуур хийж, загас барьсан тохиолдолд Монгол улсын Эрүүгийн хуулийн 203 дугаар зүйлд зааснаар хуулийн хариуцлага ногдуулдаг байна. 203 дугаар зүйлийн  Ан агнуурын тухай хууль тогтоомж зөрчсөн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. Мөн их буюу онц их хэмжээний хохирол учирсан, нэн ховор ан амьтан агнасан, барьсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг зуун тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл гурваас дээш таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан байдаг. Эдгээр  хуулиар дээрх этгээдүүдэд хариуцлага хүлээлгэн шийдвэрлэх юм байна.

Ж.Батсайхан

相关新闻