Хар тамхины давтан хэрэгтнүүд баригджээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн газрын Хар тамхитай тэмцэх хэлтсээс өнгөрсөн 7 дугаар сарын 29-ны өдөр Монгол Улсын иргэн Т, Б, С, Г нар нь бүлэглэн мансууруулах бодисын төрөлд орох ICE буюу Мөсийг бусдад зарж борлуулах зорилгоор авч явж байсныг илрүүлэн эрүүгийн хуулийн тусгай ангийн 192-192.2-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.
Шалгалтын явцад дээрх этгээдийн 3 нь хар тамхины хэрэг давтан үйлдсэн гэмт хэрэгтнүүд байжээ. 8 дугаар сарын 17-ны өдөр Монгол Улсын иргэн П нь мансууруулах үйлчилгээтэй ургамлын төрөлд орох каннабисыг их хэмжээгээр түүж бэлтгэн, бусдад зарж борлуулах зорилгоор авч явж байсныг илрүүлэн эрүүгийн хуулийн тусгай ангийн 192-192.2-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгээд байна. Дээрх хэргийн сэжигтэн П, Т, Б нарыг ШШГЕГ-ын хорих 0461дүгээр ангид сэжигтнээр цагдан хорьж мөрдөн байцаалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.
Энэ оны 7, 8 дугаар сард хар тамхи, мансууруулах бодистой холбоотой 23 холбогчтой 10 гэмт хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байгаагийн ихэнх хувь нь мансууруулах үйлчилгээтэй ургамлын төрөлд орох каннабисыг түүж, бэлтгэн, боловсруулж, бусдад зарж борлуулсан гэмт хэрэг эзэлж байгаа нь анхаарал татна.
Ж.Батсайхан