СЭЛЭНГЭ: Зөвлөгөөнөөр хариуцлага, хамтын ажиллагааг чухалчилна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2023-04-03 16:44:08

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар хотод “Хүнсний аюулгүй байдал-Мал эмнэлгийн салбарын оролцоо” сэдвээр мал эмнэлгийн салбарт ажиллагсад өнөөдөр зөвлөлдөж байна.


Сэлэнгэ аймгийг мал сүргийн өвчингүй тайван бүс нутаг болгон бататгах. Хүнсний хангамж аюулгүй байдлыг хангах төрийн бодлого, шийдвэрийг аймаг орон нутагтаа амжилттай хэрэгжүүлэх ажил, учирч болох бэрхшээл хүндрэлМөн түүнийг төр-иргэн-мэргэжлийн байгууллагын хамтын ямар арга ажиллагаа, бодлого зохицуулалтаар шийдэхийг харилцан зөвлөлдөж оновчтой шийдлүүдэд хүрэх, хариуцлага хамтын ажиллагааны гэрээг байгуулахад зөвлөгөөний гол зорилго оршиж байгаа аж.


Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050”, “Хүнсний хангамж аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын 2022 оны 36 дугаар тогтоол, “Сэлэнгэ аймгийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг батлах тухай” аймгийн ИТХ-ын 2020 оны 12 дугаар тогтоол, шийдвэрүүдийг үр өгөөжтэй хэрэгжүүлэхэд шийдвэрлэх үүрэг хариуцлага хүлээсэн салбаруудын нэг бол мал эмнэлгийн салбар юм.


Энэ онд Монгол Улсад орчин цагийн Мал эмнэлгийн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ой тохиож байгаа. Иймээс зөвлөгөөний үеэр салбарын шилдгүүдээ ч мөн урамшуулан шагнах ажээ.


Энэ удаагийн салбарын зөвлөлдөх уулзалтад ХХААХҮЯ, Мал эмнэлгийн газар, НҮБ-ын ХХАА-н байгууллага, аймгийн удирдлагын баг, хамтран ажилладаг төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл, Монгол Улсын зөвлөх малын эмч, доктор, профессор болон аймгийн мал эмнэлгийн салбарт ажиллагсдын төлөөлөл 120 гаруй хүн оролцож байна.

 

相关新闻