АХБ: Монгол Улсын эдийн засгийн өсөлт энэ онд 5.4 хувьд хүрч, 2024 онд хурдсах хүлээлттэй байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Азийн хөгжлийн банк (АХБ)-наас өнөөдөр
танилцуулсан Монгол Улсын эдийн засгийн 2023-2024 оны нөхцөл байдал төлөвийн
төсөөллөөр, 2022 онд 4.8 хувьтай гарсан эдийн засгийн өсөлт 2023 онд 5.4, 2024
онд 6.1 хувиар тус тус нэмэгдэхээр байна. Уул уурхайн салбар сэргэж, экспорт
нэмэгдсэн нь тээвэр бусад салбарт эергээр нөлөөлж байна.
АХБ-ны ахлах эдийн засагч С.Болд
мэдээлэхдээ, ер нь бүс нутгийн эдийн
засгийн нөхцөл байдал харьцангуй сайжирч байна гээд, манай улсад бараа,
бүтээгдэхүүний нийлүүлэлт доголдох, гадаад худалдаа тасалдах эрсдэл буурч
байна. Үүнтэй уялдан жилийн дундаж инфляцын түвшин 2023 онд 10.9 хувь, 2024
онд 8.7 хувь болж (Монголбанкны зорилтот түвшинд ойртож), 2022 оны өндөр түвшний үзүүлэлтээс алгуур буурна гэсэн
дүгнэлт гарсныг танилцуулав.
Цар тахлын дараагаар төсвийн
нийт тэнцлийн ДНБ-д эзлэх хувь хэмжээ эергээр өөрчлөгдөж, эдийн засгийн орчинд
төсвийн бодлогоор эдийн засгийг дэмжих шаардлага бага болж байна. Төсвийн нийт
тэнцлийн хувьд 2022 онд төсөв алдагдалтай гарна хэмээн төлөвлөж байснаас буюу УИХ-аас
баталсан түвшнээс илүү сайжирсан, ДНБ-д эзлэх байдал нь 0.8 хувьтай тэнцэх
хэмжээний ашигтай үзүүлэлттэй гарсан.
Үүнийг УИХ-аас 2023 онд баталсан төсөвтэй харьцуулахад энэ онд төсвийн алдагдал нэмэгдэхээр харагдаж буй боловч хэрэв төсвийн зардлыг хумих чиглэлд бодлогын тохиргоо хийж, орлого давж биелэх юм бол төсвийн нөхцөл байдал мөн 2022 он шигээ сайжрах бүрэн бололцоотой гэдэг нь харагдаж байна гэв.
Цаашид төсвийн зардлыг хумих нь макро эдийн засгийн гадаад
тэнцвэрийг дэмжих бөгөөд хувийн хэвшил шахагдах сөрөг нөлөөг багасгана. Гадаад
худалдаа тасалдах эрсдэл багасч, тээврийн зардал буурна. Үүнтэй уялдан үйлчилгээний дансны
алдагдал буурахын зэрэгцээ барааны экспорт нэмэгдэхтэй холбоотойгоор төлбөрийн
урсгал дансны алдагдал багасахаар
байна.
Монгол Улсын ирэх онуудын
эдийн засгийн өсөлтийн талаар АХБ-ны эдийн засагч Эдуард Фабераас тодруулбал
тэрбээр, өнгөрсөн онд Монгол Улсын эдийн засгийн өсөлт жилийн эцсийн
дүнгээр 4.8 хувьтай гарсан. 2022 оны эхний улиралд бид Монгол Улсын эдийн
засгийн байдал таагүй байх нь хэмээн таамаглаж байсан. Хэдий тийм ч тухайн жилд
томоохон өөрчлөлтүүд гарсан. Дурдвал, БНХАУ-ын зүгээс хэдийгээр “Тэг-Ковид”
гэсэн бодлого барьж, хилийн худалдаа хязгаарлагдмал байсан ч Монгол Улс боомтууд
дээрээ тусгай шугам гарган жолоочгүй автомат тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх болон
төмөр замын тээвэрлэлт ашиглан нүүрсний экспортоо нилээн сайн нэмэгдүүлсэн нь эдийн
засгийн өсөлтөд эергээр нөлөөлсөн гэв.
Экспорт нэмэгдэхийн хэрээр
эргээд гадаад валютаар орж ирэх, Монгол руу чиглэх хөрөнгийн урсгал өссөн. Үүнтэй
зэрэгцээд Монгол Улсын төр, засгаас авч хэрэгжүүлж буй Засгийн газрын арга
хэмжээ болон төсвийн зарцуулалт болон хувийн хэвшил, иргэдийн эрэлт хэрэгцээ нэмэгдсэн.
Эдгээр нь эдийн засаг өсөхөд нөлөөлж, энэ байдал 2023 онд үргэлжлэх төлөвтэй байгааг
онцоллоо. Учир нь Хятадын эдийн засаг нээлттэй болсноор Монгол Улс экспортоо чөлөөтэй
хийх боломж бүрдсэн. Энэ нь эдийн засгийг идэвхжүүлж, эргээд хэрэглээг
нэмэгдүүлэх чиглэлтэй байна.
БНХАУ-ын эдийн засаг 2022 онд 3 хувийн өсөлттэй байсан бол өнгөрсөн оны эцэст “Тэг-Ковид” бодлогоо цуцалснаар энэ онд 5, ирэх онд 4.5 хувиар өсөх төлөвтэй байна.
Дээр нь Оюутолгойн уурхай гүний
олборлолтоо эхлүүлснээр дараагийн жилүүдэд үйлдвэрлэл жигдэрч, тэр хэрээр
Монгол Улсын эдийн засаг улам идэвхжинэ. Хэрэв гадаад нөхцөл байдал дээр томоохон
өөрчлөлт гарч ирэхгүй хэмээн тооцвол 2023-2024 онд Монгол Улс өөрийн экспортлох
гол нэрийн бүтээгдэхүүн нүүрс, зэсийн экспортоос нилээн их ашиг олох боломжтой.
Энэ нь эдийн засгийг тэтгэх гол хүчин зүйл байна хэмээн харж байна гэв.
Эдийн засгийн өсөлтөд харгалзан
үзсэн гол нөхцөлүүдэд:
- Шинээр гадаад орчны сөрөг
нөлөө, цочрол үүсэхгүй,
- БНХАУ-ын эдийн засаг
нээлттэй хэвээр хадгалагдаж, Орос-Украины нөхцөл байдал одоогийнхоос муудахгүй,
- Экспортын тээвэр, логистик
илүү сайжрах, нүүрсний худалдааг өрсөлдөөнт үнийн саналд тулгуурлан зохион
байгуулах,
- Уул уурхайн салбарын өсөлт
тээвэр болон бусад секторт эергээр нөлөөлөх,
- Оюутолгойн далд уурхайн
санхүүжилт, хүдэр олборлолт, баяжуулалт нэмэгдэх,
- ДНБ дэх хувийн хэрэглээ
эерэг нөлөөлнө. Инфляц, мөнгөний хатуу бодлого, ипотекийн зээлийн эргэн
төлөлттэй уялдан багасна,
- 2023 оны эхний хагаст системийн
томоохон 3 банк PIO хийхтэй
уялдан зээлийн өсөлт эрчимжихгүй,
- 2024 онд мөнгөний бодлогын
төлөв зөөлрөх орон зай үүсэх, зээл өсөх, Төсвийн зардлын өсөлт үргэлжлэх, нийт
зардал 14.3 хувиар нэмэгдэх,
- Экспортын өсөлт нийт
импортын өсөлтөөс өндөр байснаар цэвэр экспорт ДНБ-д эерэг нөлөө үзүүлнэ гэжээ.
Эдийн засгийн өсөлтийн төлөвийн
төсөөллийг бууруулж болзошгүй эрсдэлүүдэд:
- ОХУ-Украины нөхцөл байдал
удаан үргэлжлэх, илүү хурдтай болох нь худалдаа, хөрөнгийн урсгал, инфляц,
гадаад төлбөрт эрсдэл учруулна,
- Коронавирусний шинэ
хувилбар гарч, халдварын давлагаа ихэсвэл энэ нь бүс нутгийн хэмжээнд шинээр
гадаад сөрөг нөлөө, цочрол үүсгэнэ,
- Ашигт малтмалын үнэ
дэлхийн зах зээлд огцом унах бол мөн гадаад худалдааны нөхцөл, төлбөрийн тэнцэл
өөрчлөгдөнө,
- Дотоодын улс төрийн
эрсдэлд бодлогын тогтворгүй байдал нөлөөлнө,
- Оффтэйк гэрээнүүдийн
болзошгүй сөрөг үр дагавар гарвал нүүрсний экспортын орлого, төлбөрийн тэнцэлд
мөн эрсдэл учруулна хэмээн үзжээ.
Тодруулга: Бүс нутгийн хэмжээнд Ази, Номхон далайн орнуудын эдийн
засаг ирэх онуудад 4.8 хувиар өснө хэмээн АХБ тооцоолжээ. Тодруулбал, БНХАУ-ыг
оруулахгүйгээр тооцвол Азийн хөгжиж буй орнуудын эдийн засаг энэ онд 4.6 хувь,
ирэх онд 5.1 хувиар өсөх төлөвтэй байна. Харин БНХАУ-ын хувьд эдийн засаг нь
2022 онд 3 хувийн өсөлттэй байсан бол өнгөрсөн оны эцэст “Тэг-Ковид” бодлогоо
цуцалснаар энэ онд 5, ирэх онд 4.5 хувиар өсөх төлөвтэй аж.