Г.Тэмүүлэн: Монгол Улс 2012, 2018, 2019 оноос бусад онуудад 1-2 удаа төсвөө тодотгож ирсэн
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоолын төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийж дэмжлээ.
УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн хууль санаачлагчийн илтгэлдээ, "Монгол Улс 2012 оноос хойш 2012, 2018, 2019 оныг эс тооцвол бүх онд 1-2 удаа төсвөө тодотгож ирсэн. Энэ нь төсвийн бодлого тогтворгүй, тооцоолол бодитой бус байсныг илтгэж байна. Үүнээс үзвэл төсөв тогтвортой, хариуцлагатай, ил тод байдлыг хангахгүй байгааг харж болохоор байна. Монгол Улсын жил жилийн төсвийн хууль тогтоомжийг батлуулах явцад үүсдэг хүндрэл нь өрийн тааз, өрийн хэмжээ юм. Өрийн удирдлагын тухай хууль тогтоомж болон төсвийн хууль тогтоомжид өрийг хэрхэн үүсгэх бодлогыг бодитой тодорхойлоогүй нь Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалыг зөрчих нөхцөл болж байна. Засаглалын онолын дагуу Засгийн газрын үйл ажиллагаанд хяналт тавих, түүнээс хариуцлага тооцох эрх бүхий этгээд нь хууль тогтоох эрх хэмжээ бүхий УИХ бөгөөд энэхүү эрх хэмжээний хүрээнд Засгийн газрын боловсруулсан төсөв, гүйцэтгэлтэй холбоотой хяналт тавих, хариуцлага тооцох нөхцөлийг нарийвчлан зохицуулах шаардлагатай.
Үүнтэй холбоотойгоор төсвийн холбогдох 14 хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг санаачлан УИХ-д өргөн барилаа. Хуулийн төслүүдийг 30 гаруй гишүүн дэмжин гарын үсэг зурж, хамтран санаачлагчаар оролцож байна. Хуулийн төсөл батлагдсанаар төсвийн тогтвортой байдлыг хангасан байх, төсвийн иж бүрэн, үнэн зөв байдлыг хангасан байх, санхүү, төсвийн зохистой удирдлагыг хэрэгжүүлэх, хариуцлагатай байх зарчмуудыг зохих ёсоор шударгаар биелүүлэх нөхцөл бүрдэнэ" гэлээ.
Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Жавхлан, Г.Амартүвшин, Ж.Батжаргал, Д.Өнөрболор нар асуулт асууж, саналаа хэлсэн. Гишүүдийн зүгээс Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоолын төслүүдийн хэлэлцүүлгийг түр хойшлуулж, УИХ манлайлж Засгийн газар хамтраад, төсвийн шинэчлэлийн талаар үндэсний хөтөлбөр боловсруулж, энэ чиглэлийн судалгааны байгууллага, эрдэмтэн судлаачдаар хийлгэж, сайтар хэлэлцүүлэх боломжтой эсэхийг илүүтэй лавлаж байлаа. Хууль санаачлагч гишүүн Г.Тэмүүлэн хариултдаа, төсвийн шинэчлэлийн талаар цогц бодлогыг хэрэгжүүлэхтэй санал нэг байгаагаа илэрхийлээд, өргөн мэдүүлсэн хуулийн төсөл нь төсвийн суурь асуудлыг хөндөж, төсвийн хяналт, сахилга бат, хариуцлага, олон нийтийн оролцоо, төлөвлөлтийг сайжруулахдаа холбоотойгоор эхний үе шатанд хийж байгаа ажил гэв.