СЭЛЭНГЭ: Өнгөрсөн 5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн 62 осол бүртгэгджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сүхбаатар /МОНЦАМЭ/. “Эрүүл, аюулгүй ажлын байр-бидний суурь эрх” уриатайгаар Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аяныг өнөөдөр эхлүүллээ.
Сэлэнгэ
аймгийн хувьд 2013 оноос эхлэн 10 дахь жилдээ дээрх аяныг тогтмол өрнүүлж байна.
Аяны
хүрээнд хууль тогтоомжийг сурталчлан таниулах чиглэлээр сургалт нөлөөллийн үйл
ажиллагааг тогтмол зохион байгуулах, үйлдвэрлэлийн осол гэмтлээс шалтгаалсан
өвчнөөс урьдчилан сэргийлэх, ажилтны эрүүл мэндийг хамгаалах, ажлын байрны
соёлд төлөвшүүлэх зэрэг цогц арга хэмжээг амжилттай зохион байгуулж байна.
Энэ удаагийн Хөдөлмөрийн аюулгүй
байдал, эрүүл ахуйн сарын аян нээлтийн үйл
ажиллагааны үеэр аймгийн хэмжээнд анх удаагаа практикт суурилсан жишиг сургалтын танхимыг
нээлээ.
Аймгийн “Сэлэнгэ Энерго” ОНӨААТҮГ-ын
санаачилгаар ашиглалтад оруулж буй эл танхим
нь хөдөлмөрийн аюулгүй байдлын менежмент, чадавхыг бэхжүүлэх зорилготой юм.
Цаашид уг танхимаар дамжуулан сургалт, нөлөөллийн олон үйл ажиллагааг зохион байгуулж, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх, ажилтны эрүүл мэндийг хамгаалах, ажлын байрны соёлыг төлөвшүүлэх зэрэг олон чухал сургалтыг хийх аж.
Ингэж ХАБ-ын сургалтыг тогтмол өгч байх нь эрсдэлээс урьдчилан сэргийлж, үр дүнгээ өгөх аж.
Сэлэнгэ аймгийн хэмжээнд 2018-2022 онд үйлдвэрлэлийн 62 осол бүртгэгджээ. Ослын улмаас 12 хүн нас барж, 47 хүн хүнд, 4 хүн хөнгөн гэмтэж хөдөлмөрийн чадвараа алджээ.
Тиймээс ажлын байрны осол гэмтлээс урьдчилан сэргийлэхийн тулд ажиллагсдын эрүүл, аюулгүй орчин нөхцөлд ажиллах эрхийг хангах. Цаашлаад ажил олгогчид, ажиллагсад өөрсдийн эрх, үүрэг хариуцлагаа ухамсарлах, урьдчилан сэргийлэх зан үйлийг төлөвшүүлэхэд онцгой анхаарал хандуулан ажиллах хэрэгтэй хэмээн аймгийн ЗДТГ-ын дарга бөгөөд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөвлөлийн дарга Ө.Сувдаа хэллээ.