Сузанне Эрхардс: Дөрвөн зураг сэргээн засварлаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
delgermaa@yahoo.com
2023-04-14 10:21:39

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Уран зургийн галерей, СУИС-ийн Дүрслэх урлагийн академи, Соёлын өвийн үндэсний төвтэй хамтран ХБНГУ-ын Гадаад хэргийн яамны Соёлын өвийг хадгалан хамгаалах хөтөлбөрийн хүрээнд уран зургийг сэргээн засварлах сургалт явууллаа. Уг сургалтыг  Германы сэргээн засварлагч Сузанне Эрхардс  удирдсан бөгөөд тэрбээр 2007, 2008 онд гарсан түймрийн улмаас шатаж гэмтсэн бүтээлүүдийг сэргээн засварласан юм. Түүнтэй ярилцлаа.


-Та гурав дахь удаагаа Монголд ирж шатаж гэмтсэн уран зургийг сэргээн засварлахын сацуу сургалтаа явууллаа.  Энэ удаагийн сэргээн засварлалт ямар онцлогтой байв?

-Гурван удаа Улаанбаатарт ирэхдээ хийсэн ажлууд маань бүгд хоорондоо уялдаа холбоотой гэдгийг хэлмээр байна. Энэ төслийн гол зорилго нь Монголын соёлын үнэт бүтээлүүдийг хадгалж хамгаалахад тусламж дэмжлэг үзүүлэх явдал. Бидний сэргээн засварлаж байгаа зургууд нэлээд хэдэн жилийн өмнө  шатаж гэмтсэн. Миний мэдэхээс шатаж гэмтсэн бүтээлүүдийг сэргээн засварлах ажлыг дэмжих зорилгоор Монголд буй гадаадын нэлээд хэдэн орны дипломат төлөөлөгчдийн газраас хэдэн жилийн өмнө янз бүрийн дэмжлэг туслалцаа үзүүлсэн. Жишээ нь Австри, АНУ-ын Элчин сайдын яамд ийм тусламж үзүүлсэн. Би үүнийг яагаад дурдаад байна гэхээр, энэ удаад бидний хэрэгжүүлж буй төслийн онцлогийг дурдах гэсэн юм. Герман Улсын санхүүжилтээр хэрэгжиж буй энэ төсөл нь зөвхөн сэргээн засварлах ажилд шаардлагатай тоног төхөөрөмж, материал, хэрэгслүүдийг олгоод зогсохгүй сургалт явуулж байгаа. Тодруулбал, энэ ажилд шаардлагатай хэрэгсэл, тоног төхөөрөмжийг хандивлаж, хэрхэн ашиглах, яаж сэргээн засварлахыг зааж сургасан. Үүнийг заахаар танай Соёл урлагийн их сургуулийг дүүргэсэн хоёр залуу зураачийг сонгон аваад сургаж байгаа. Энэ хоёр маань үнэхээр авьяастай, нарийн мэдрэмжтэй. Академик боловсрол эзэмшсэн хоёр зураач маань сэргээн засварлагч болж чадна гэж бодож байна. Ер нь сэргээн засварлагч нь өөрийн уран сэтгэмжид автдаггүй, тухайн бүтээлдээ захирагдаж ажилладаг онцлогтой. Ингэж ажиллахад чадвар шаарддаг юм.


-Энэ төсөл хэрэгжиж эхэлсэн цагаас хойш хэдэн зураг дээр ажиллав?

-Уг төслийн хүрээнд 4 зураг сэргээн засварлах нь хамгийн тохиромжтой хэмээн хоёр жилийн өмнөөс төлөвлөсөн юм. Гэтэл шатсан зургууд бодит амьдрал дээр бидэнд ирүүлсэн зураг дээрхээсээ илүү их гэмтэлтэй байсан. Гэвч төсөл маань хоёр жилийн өмнөөс төлөвлөгдчихсөн учраас одоо хэрэгжиж байгаагаар нь үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн дээ.  


-Ямар зургуудыг сэргээн засварлахаар сонгосон бэ?

-Г.Машбатын “Уурхайн өвөл”, Ч.Чулууны “Натюрморт”, Д.Пүрэвдоржийн “Зандраа" хөрөг, Б.Лхагвасүрэнгийн “Түмний эх” зураг юм. Би түрүүнд хэлсэнчлэн нэлээд хэдэн зургийг шатахаас өмнө, дараа нь гэсэн харьцуулсан байдлаар бидэнд ирүүлсэн. Тэдгээрийг сайтар судалж, ерөнхий байдалтай нь танилцахад ихэнх бүтээлийн бараг 30 хувь нь шатсан байсан. Ингээд сэргээн засварлах ажилд сургаж байгаа хоёр зураач маань өмнө нь ийм зүйл дээр ажиллаж байгаагүй гэдгийг харгалзан дөрвөн зургийг сонгож, тэдгээр дээр ажиллангаа зааж сургахаар болсон. Хоёр зураг нь харьцангуй гайгүй гэмтэлтэй, зургуудын өнгөц хэсэг нь харласныг цэвэрлэсэн. Харин нөгөө хоёр зургийн зотонг нөхөн сэргээхээс гадна бэхэлгээг нь сайжруулах шаардлагатай, 30 хувь нь шатсан байгаа юм.


-Уран зураг сэргээн засварлахыг зааж эхэлснээс хойш багагүй хугацаа өнгөрлөө. Сэргээн засварлагчид маань одоо бие даан сэргээн засварлах ажлыг хийж чадахаар болсон уу?

-Тэгэлгүй яах вэ. Учир нь манай төслийн гол зорилгуудын нэг нь зургийг сэргээн засварлах техникт сургах явдал. Залуус маань арга техникт суралцахаас гадна хэрэглэж буй материалуудаа мэдрэмжээрээ зөв сонгож, эх зургийг гэмтээлгүйгээр сэргээн засварлахыг заалгасан.  


-Та бол энэ чиглэлээр мэргэшсэн нэлээд нэртэй сэргээн засварлагч. Та олон оюутан залуусыг үүнд сургасан уу?

-Би Германы Кельн хотноо 22 жилийн турш сэргээн засварлах студи ажиллуулахдаа их, дээд сургуульд сэргээн засварлах чиглэлээр суралцдаг олон оюутныг дадлагажуулсан. Ийнхүү сургаж байхдаа энэ мэргэжил, ажлын онцлогийг хэрхэн тайлбарлах, сургалтыг яавал зөв явуулах, ойлгомжтой тайлбарлах зэргийг өөрийн туршлага дээрээ ажигласан. Үүнд сургагч болон сурч буй хүмүүсийн хоорондын ойлголцол маш чухал. Ингэснээр аливаа зүйлийг тайлбарлахад оюутан хэрхэн хүлээж авч байгаа, яаж ойлгуулах зэргийг мэдэж авсан. Сурагч, сургагч хоёр хэр зэрэг сайн бие биеэ мэдэрч ойлголцох нь илүү чухал байдаг. Ойлголцол их байх тусам өөрийнхөө мэдлэг, туршлагаас илүү их хуваалцаж, сурч буй хүн ч нарийн зүйлийг асууж, заалгаж авна. Надаар сэргээн засварлах ажлыг заалгаж буй Х.Бүүвэйбаатар, Т.Ануударь нарт би англиар  тайлбарлаж байсан. Ингэхдээ мэргэжлийн нарийн зүйл дээр үл ойлголцол гарвал орчуулагчийн дэмжлэг авдаг. Тэдгээрийг ирээдүйд энэ чиглэлийн олон улсын хэмжээний мэргэжилтнүүдтэй ойлголцох чадвартай болгох зорилгоор эхнээсээ сургалтаа  англи хэлээр явуулсан юм.


-Сэргээн засварлагчаар сургаж буй хоёр монгол зураачийг Та өөрөө сонгож авсан уу?

-Тэднийг намайг Монголд ирэхээс өмнө сонгочихсон байсан. Миний зүгээс 24-25 настай, сэргээн засварлах ажилд суралцах хүсэлтэй, цаашид энэ чиглэлээр дагнан ажиллах эрмэлзэлтэй хүн байх нь зүйтэй гэсэн шаардлага л тавьсан. Жишээ нь, 35 нас хүрсэн хүмүүсийг сургахад огт өөрөөр хүлээж авдаг. Хоёр залуу маань хэтдээ энэ чиглэлээр суралцаж ч магадгүй. Мэдэж сурснаа улам гүнзгийрүүлж, энэ чиглэлээрээ мэргэших хүсэлтэй байх нь их чухал шүү.


-Уг хөтөлбөрийн санхүүжилт хаанаас гарч байгаа вэ?

-Төслийг ХБНГУ-ын Гадаад хэргийн яамны Соёлын өвийг хадгалан хамгаалах хөтөлбөрийн хүрээнд санхүүжүүлж байгаа. Мөн сэргээн засварлах ажилд шаардлагатай техник хэрэгслийг нийлүүлсэн.


-Та уран зургийг нэлээд нарийн судалсан хүн. Сэргээн засварлагч гэдэг нарийн судлаач байх ч ёстой биз.  Мэргэжлийн хүний хувьд харахад Монголын уран зураг ямар онцлогтой байна вэ?

-Хүнд асуулт байна. Монголын уран зураг гэхээсээ илүү зотон дээр зурсан зургийн талаар яримаар байна. Танай орчин үеийн уран зураг бол харьцангуй залуу. Миний өнөөдрийг хүртэл харсан уран зургуудын хамгийн олон жилийн түүхтэй нь 1948 оны, тодруулбал 80 гаруй жилийн өмнө л бүтээсэн бүтээл байна. Гэтэл 150, 200 жилийн өмнө бүтээсэн зургууд байдаг шүү дээ. Монголын орчин үеийн уран зургийн хувьд гэвэл зарим нэгэн техникийн онцлогтой. Жишээ нь, зотонгоо хүрээндээ бэхлэх арга. 1930, 1940-өөд оны зургуудын зотонгоо бэхэлсэн арга нь огт өөр буюу хүрээндээ бэхэлчихсэн байх жишээтэй. Тэдгээр зургуудын хүрээг томруулж, багасгах боломжгүй. Өөрөөр хэлбэл, тухай үед Европт томруулж, жижигрүүлдэг хүрээг хэрэглэдэг байсан. Ийм хүрээг танайд хэрэглэж эхлээд удаагүй байгаа. Энэ нь техникийн талаас нь авч үзвэл их сонирхолтой. Зотонгоо хүрээндээ хадаасаар тогтоох аргыг 1980-1990 онд ч хэрэглэж байж. 2000 оноос л манайд хэрэглэдэг зотонгоо тогтоох аргууд нэвтэрсэн байх жишээтэй. Зургуудын өгүүлэмж ч сонирхолтой, байгальтайгаа их уялдаа холбоотой, уул, тал, морь, тэмээг ихэвчлэн дүрсэлдэг. Тэмээг гэхэд л маш хийсвэрээр дүрсэлсэн байх жишээтэй. Зургийн арын дэвсгэр өнгө дээр ихэнхдээ байгаль, Монголын аж байдлыг харуулсан байдаг. Европ хүний хувьд энэ нь надад маш сонирхолтой санагдсан. Мөн тэнгэрийг өвөрмөцөөр дүрслэн харуулсан зэрэг сонирхолтой зүйлүүд нэлээд бий.

相关新闻