“Улаанбаатарын хаврын баяр-2023” өдөрлөгт соёл урлагийн 20 гаруй сургууль оролцож байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2023-04-12 21:00:45

Улаанбаатар /МОНЦАМЭ/. НЗДТГ, Нийслэлийн Соёл, урлагийн газар хамтран Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй соёл, урлагийн сургуулиуд болон сургалтын төвүүдийн нэгдсэн өдөрлөгийг Сүхбаатарын талбайд зохион байгуулж байна.

Нийслэлийн иргэд, хүүхэд, залуучуудад соёл, урлагийн үзвэр, үйлчилгээг нээлттэй, хүртээмжтэй хүргэх, соёл, урлагаар дамжуулан соён гэгээрүүлэх, боловсрол, мэдлэг түгээж, их хотын ирээдүйн соёлтой иргэнийг бэлтгэх зорилгоор “Улаанбаатарын хаврын баяр-2023” нэгдсэн өдөрлөгийг санаачилжээ.

Өдөрлөгт СУИС, Монгол Улсын Консерватори, КУДС, СИТИ дээд сургууль зэрэг 20 орчим сургууль болон сургалтын төвүүд үйл ажиллагаагаа танилцуулж, элсэлтийн шалгалтын бүртгэл хийн, урлагийн тоглолт зэрэг олон төрлийн үйл ажиллагаа зохион байгуулж байгаа юм.

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө “Нийслэлээс өнгөрсөн жилээс эхлэн Сүхбаатарын талбайд олон төрлийн үйл ажиллагааг зохион байгуулж байгаа. Тодруулбал, Ерөнхийлөгчийн нэрэмжит “UB Cup 2022” хөл бөмбөгийн тэмцээн, УИХ-ын даргын нэрэмжит “Үндэсний номын баяр”, 3X3 сагсан бөмбөгийн тэмцээн, “Улаанбаатар марафон” бүх нийтийн гүйлт гэх мэт үйл ажиллагааг  зохион байгуулсан. Энэ жилийн тухайд төв талбайд зохиох ажлын эхлэл болгон уг нэгдсэн өдөрлөгийг зохион байгуулж байна” гэв.


Монгол Улсын Консерваторийн захирал, УГЗ Ц.Пүрэвхүү: Монгол Улсын Консерватори түүхэндээ анх удаа 120 хүний бүрэлдэхүүнтэй гранд симфони оркестр гарган, хоёр дахь удаагийн тоглолтоо уг өдөрлөгийн үеэр толилууллаа. Харин маргааш 108 хүний бүрэлдэхүүнтэй үндэсний найрал хөгжим эгшиглүүлнэ.


СУИС-ийн Дүрслэх урлагийн академийн сургалтын албаны дарга М.Цэцэгсайхан: Бид энэхүү өдөрлөгийн үеэр сургалтын хөтөлбөр, оюутнуудын бүтээл, эрдэм шинжилгээ, судалгааны ажлынхаа ерөнхий танилцуулгыг хийхээр ирээд байна.  


Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй соёл урлагийн сургуулиуд болон сургалтын төвүүдийн нэгдсэн өдөрлөг хоёр өдөр үргэлжилнэ.










相关新闻