Ёс зүйн зөрчил гаргасан төрийн албан хаагч гомдол гаргагчаас уучлал гуйдаг жишиг тогтоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2023-04-13 11:31:02

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ нарын 4 гишүүнээс өргөн мэдүүлсэн Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. 


Хуулийн төслийн зорилго нь Монгол Улсын 4232 төрийн байгууллагын дэргэд Ёс зүйн зөвлөл, Төрийн албаны зөвлөлийн дэргэд Ёс зүйн хороог байгуулж, төрийн албан хаагчдад хэм хэмжээ тогтоож ажиллахад чиглэж буй. Хуулийн үйлчлэх хүрээнд төрийн улс төрийн албан хаагч, төрийн тусгай албан хаагч, төрийн захиргааны албан хаагч, төрийн үйлчилгээний албан хаагч болон Авлигын эсрэг хуулийн үйлчлэлд хамаарах этгээд хамаарах юм. Ёс зүйн зөрчил гаргасан төрийн албан хаагчид хүлээлгэх хариуцлагыг дараах байдлаар томьёолжээ. Үүнд:

-Гомдол гаргагчид, эсвэл олон нийтийн өмнө уучлалт гуйхыг үүрэг болгох,

-Өөрт нь ганцаарчилсан хэлбэрээр сануулах,

-Байгууллагын албан хаагчдын өмнө нээлттэй сануулах,

-Төрийн албанаас халах,

-Төрийн албан хаагчийн ёс зүйн хариуцлагыг сайн дураар хүлээх,

-Ёс зүйн хэм хэмжээ зөрчсөнөө хүлээн зөвшөөрч, өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа чөлөөлөгдөх хэмээн тусгасан юм.

Өнөөдрийн хэлэлцүүлгийн үеэр асуулт асууж, үг хэлсэн УИХ-ын гишүүд төрийн алба данхайсан гэдэг боловч өнөөдөр хүмүүс төрийн албанаас дайжих маягтай, нэг хүн олон хүний ажил хариуцдаг, цалин хөлс нь хангалтгүй, ажлын ачааллаа даахаа больсон нөхцөл байдал үүссэн. Өнөөгийн үүсээд буй нөхцөл байдалтай уялдаж төрд ажиллах иргэдийн сонирхол буурч байгааг анхааруулж байлаа. Мөн төрийн албан дахь хууль бус, хэм хэмжээ алдагдсан тухай шүүмжлэлийг нийгмийн сүлжээнд бичиж нийтэлсэн албан хаагчдыг хууль зөрчсөн гэж үзэх үү, энэ нь хувь хүний хэвлэн нийтлэх эрхийг зөрчиж байгаа хэрэг биш үү гэх зэрэг асуудлыг хөндсөн юм.

Энэхүү хууль нь анхдагч хууль бөгөөд ажлын хэсгийнхний зүгээс Төрийн албан хаагчийг ёс зүйн зөрчил гаргахаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх, хамгаалахад чиглэсэн хууль болохыг онцолж байв.

Тус хууль батлагдсанаар төрийн байгууллагын Ёс зүйн зөвлөлийн үйл ажиллагаанд хяналт тавих, нэгдсэн удирдлагаар хангах тогтолцоо бүрдэх, Ёс зүйн зөвлөлийн ажиллах болон гомдол, мэдээлэл хянан шийдвэрлэх журам, гишүүдийн баталгаа, урамшуулал, төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлийг нийтэд мэдээлэх, зөрчлийн нэгдсэн бүртгэлийг хөтлөх зэрэг асуудал тодорхой болж, Ёс зүйн зөвлөлүүд үр дүнтэй ажиллах боломж бүрдэх аж.

相关新闻