Шавь нартаа чадварын дэвтэр хэвлэж өгчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-09-07 08:24:53

Хүүхэд хийсэн даалгавараа өөрөө үнэлдэг, мөн эцэг, эх, багш нь үнэлэх боломжтой чадварын дэвтэрийг Дундговь аймгийн Сайнцагаан сумын “Эрдмийн далай” цогцолбор сургуулийн бага ангийн багш нар сургалтандаа ашиглаж эхэлсэн байна. Чадварын дэвтэрт хүүхдийн хичээлийн сэдэвтэй холбоотой дасгал ажлууд багтсан бөгөөд хичээлийн нэг сэдэв дууссаны дараа шалгалт авах байдлаар хүүхдийн сурсаныг бататган, чадварыг үнэлж байхад зориулжээ.

Энэ талаар бага ангийн багш Д. Амар- Энхээс тодруулсан юм. Тэрээр хэлэхдээ, “ Бага ангийн сурагчдад дасгал ажил их хэрэгтэй байдаг. Харин энэ нь сурах бичигт   тэр бүр хангалттай байдаггүй учраас багш нар  сурагч нэг бүртээ дасгал ажлын материал хувилж өгөх шаардлага өдөр тутамд тулгардаг. Хэрвээ сурагч бүрт дасгал ажлыг нь эмхэтгэн бэлдээд өгчихвөл багш нарын ачаалалаас хөнгөлнө. Хамгийн гол нь сурагчдын бие даан сурах чадварт эерэг үр дүнтэй болох юм. Энэ үүднээс зөвхөн дасгал ажил бүхий ном бэлдэн хэвлүүлсэн юм. Хүүхэд хичээлээ хэр ойлгосныг хийсэн дасгал ажлаас нь эцэг, эх, багш  харах, хүүхэд өөрийгөө ч мөн үнэлэх боломжийг олгож байгаа тул Чадварын дэвтэр гэж бид бүтээлээ нэрлэсэн ” гэлээ.

Тус сургуулийн бага ангийн 6 багш энэ санаачлагыг хамтран хэрэгжүүлсэн байна. Тэд 1- 5 дугаар ангийн математик, хүн- орчин, монгол хэлний хичээлээр дасгал ажил бэлдэн хичээл тус бүр дээр ном болгон эмхэтгэж, сурах бичгийн стандарт хангасан цаасан дээр “Мөнхийн үсэг” ХХК- аар хэвлүүлжээ. Үүний тулд багш нар цалингийн зээлээрээ 30 гаруй сая төгрөгийн хөрөнгө босгосон байна. Тэд эхний удаад 1-5 дугаар анги тус бүрээр дээрхи гурван хичээлийн нийт 7500  ном хэвлүүлсэн бөгөөд шавь нар нь чадварын дэвтрийг ашиглаж эхэлжээ.

Багш нар номоо хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд болон амьжиргааны түвшин доогуур өрхийн хүүхдэд үнэ төлбөргүй өгөх юм байна. Мөн гурван хүүхэд нь бага ангид сурдаг өрхийн нэг хүүхдэд нь мөн үнэ төлбөргүйгээр өгнө гэлээ.

Т. Отгонтуяа

 

 

相关新闻