АШУҮИС дэргэдээ шүдний эмнэлэг, нүүдлийн шүдний амбулатори нээлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. АШУҮИС дэргэдээ “АШУҮИС дент” шүдний эмнэлэг болон Нүүдлийн шүдний амбулаторио шинээр нээж, үйл ажиллагааг нь эхлүүллээ.
Монгол Улсын Засгийн газраас амны хөндийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний
чанар, хүртээмжийг дээшлүүлэх, хүүхдийн шүд цооролтын өвчний тархалтыг
бууруулах чиглэлээр үндэсний хэмжээнд “Шүд" төсөл боловсруулж, 2024
оноос төслийг эхлүүлэх шийдвэр гарган, холбогдох яаманд
хүргүүлсэн. Тус
ажлын багийг Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд ахлан ажиллаж буй.
Нээлтийн үеэр тэрбээр хэлэхдээ, “Монгол Улсын Ерөнхий сайдын санаачилгаар өнгөрсөн
жилээс улс орон даяар эрт илрүүлэг, үзлэг оношилгоо, шинжилгээг зохион байгуулж
байна. Өнөөдрийн байдлаар 960 мянган иргэн хамрагдсан байна. Үүнээс 17 хүртэлх
насны хүүхдүүдийн өвчлөлийн дийлэнх буюу 75.9 хувийг амны хөндийн өвчлөл эзэлж
байна. Тиймээс Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Шүд" төслийг эхлүүлэх
чиглэл өгч, Эрүүл мэндийн сайдын А/124 дүгээр тушаалаар төсөл боловсруулан
хэрэгжүүлэх ажлын багийг байгуулсан. Тэгвэл өнөөдөр энэ төслийн хүрээнд АШУҮИС дэргэдээ шүдний эмнэлэг болон нүүдлийн шүдний амбулаторитой боллоо. Нүүдлийн
шүдний амбулаториор алслагдсан дүүрэг, орон нутгийн иргэдэд үйлчлэх боломжтой. Үүнээс
гадна дээрх эмнэлгүүдэд энэ чиглэлээр бэлтгэгдэж байгаа боловсон хүчнийг ажлын байран
дээр нь сургах бололцоо бүрдсэн байна. Таван жилийн хугацаанд хэрэгжүүлэх “Шүд" төслийн хүрээнд “Эрүү, нүүр, шүдний үндэсний төв" байгуулах, шүдний тусламж,
үйлчилгээг ЭМД-ын сангаас хэрхэн шийдэх, өвчлөлийн статистикийг цахимжуулах, боловсон
хүчнийг бэлтгэх зэрэг ажлыг хийхээр бэлтгэж байна” гэв.
АШУҮИС-ийн ерөнхий захирал
Н.Хүрэлбаатар, “АШУҮИС Монгол Улсад их сургуулийн эмнэлгийн тогтолцоог бий болгох,
хөгжүүлэхэд анхаарал хандуулан ажиллаж байна. Бид шүд, эрүү нүүрний тусламж, үйлчилгээг олон улсын түвшинд үзүүлэх “АШУҮИС дент” шүдний эмнэлгийн үйл
ажиллагааг өнөөдөр эхлүүлж байна. Тус эмнэлэгт шүдний сувгийн эмчилгээ, гажиг
засал зэрэг бүх төрлийн эмчилгээг хийнэ. Монгол Улсын Ерөнхий сайдын санаачлан
хэрэгжүүлж буй “Шүд" төсөлд манай эмнэлэг гол ачааллыг авч, иргэдэд үйлчилнэ” гэлээ.
Тус “АШУҮИС дент” эмнэлэг нь эмнэлгийн тусламж, үйлчилгээг үзүүлэхээс гадна энэ чиглэлээр мэргэшиж буй эмч, мэргэжилтнүүдийг сургах, эрдэм шинжилгээний ажилд ашиглах бааз болох аж.