ЗАВХАН: Амьтнаас халдварлах галзуу өвчнөөс урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Улиастай /МОНЦАМЭ/. Суманд галзуу өвчний сэжиг бүхий нохой, хүн болон амьтан хазсан тохиолдол гарч устгал хийсэн талаар Дөрвөлжин сумын
ЗДТГ-аас мэдээлэв.
Тус суманд галзуу өвчний сэжиг бүхий нохой, хоёр насанд
хүрсэн хүн, нэг хүүхэд, нохой болон гөлөг хазаж гэмтээсэн тохиолдол өнгөрсөн
амралтын өдөр гарлаа. Эрүүл мэндийн төвөөс нохойд хазуулсан иргэдэд анхан шатны
тусламж цаг алдалгүй хүргэж, аймгийн Эрүүл мэндийн газар, Зоонозын өвчин
судлалын төвүүдтэй холбогдож, шуурхай арга хэмжээ авсан. Харин галзуу өвчний
сэжиг бүхий нохой болон хазуулсан нохой, гөлгийг сумын ЗДТГ, Мал эмнэлгийн
тасгаас холбогдох журам зааврын дагуу устгал хийж, нохойны толгойг шинжилгээнд
оруулахаар илгээсэн.
Ингээд, аймгийн Мал эмнэлгийн газарт шинжилгээнд явуулсан
нохойны дээж эерэг буюу галзуу өвчин илэрсэн. Тиймээс сумын хэмжээнд нохой
муурыг устгах, малын сэг зэмийг цэвэрлэж, ариутгах ажлыг эрчимтэй хийж байна.
Түүнчлэн хөдөөгийн багуудад сэжиг бүхий тохиолдлууд байж болзошгүй тул нохойтой малчин өрхүүдэд хэл дуулгаж, малын сэг зэмийг устгах, ачуулах талаар мэдээлэл өгч байна. Малын сэг зэм ихтэй үед галзуу өвчин гарах магадлал их байдаг тул хөдөөний малчин айл өрхүүд нохойгоо байнга уяатай байлгахыг анхааруулж байна.
Сумын хэмжээнд малын сэг зэм устгалын ажил дөрөвдүгээр сарын нэгнээс тавдугаар сарын нэгэн хүртэл үргэлжилж байна. Өнөөдрийн байдлаар сумын хэмжээнд халдварт өвчнөөр үхсэн мал байхгүй, харин зүй бусаар хорогдсон нийт 1700 гаруй малын сэг зэмийг цэвэрлэж, ариутгал хийгээд байна гэж Дөрвөлжин сумын Онцгой комиссоос мэдээлэв.
Амьтны галзуу өвчний тохиолдол батлагдсантай холбогдуулан энэ өвчний хор уршгийн талаар Завхан аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн Амьтан судлагч Д.Мөнхтогтохоос тодрууллаа.
-Галзуу гэж ямар өвчин бэ?
-Галзуу өвчин мал амьтнаас хүнд халддаг. Вирусээр үүсгэгддэг. Төв мэдрэлийн системийг сонгомлоор гэмтээдэг. Зоонозын хурц халдварт өвчин юм. Монгол улсад 21 аймгийн 226 сум байгалийн голомттой, жилд мал, амьтны өвчлөл 500-600 тохиолдол, нохой болон мал, амьтанд уруулан вакцин, ийлдэс тариулсан тохиолдол хүн 10,000 орчим, галзуугийн эрсдэл ихтэй зэрлэг амьтанд уруулж, ноцуулсан хүний тоо дунджаар 90 тохиолдол бүртгэгддэг гэсэн судалгаа байна. Мөн сүүлийн жилүүдэд эзэнгүй болон эзэнтэй нохойд хазуулсан хүний тоо сүүлийн жилүүдэд нэмэгдэж 2022 онд гэхэд улсын хэмжээнд 1500 гаруй хүн ГССҮТ-д хандсан байна.
-Халдвар ямар замаар дамждаг вэ?
-Галзуурсан амьтны шүлстэй хамт өвчний вирус хазсан буюу
маажсан газраар орж халдварлуулна. Маш ховор тохиолдолд арьсанд үүссэн шарх,
салст мембранаар нэвтрэх замаар халдварладаг. Хүнээс хүнд халдварлах нь онолын
хувьд боломжтой боловч баримтжуулаагүй. Галзуурсан амьтны вирус агуулсан шүлс,
хазсан буюу маажсан газраар нэвтэрч халдварлана.
-Галзуугаар ямар амьтад өвчилдөг юм бол?
-Галзуу өвчнөөр бүх бод мал, нохой, муур зэрэг гэрийн
тэжээмэл амьтад, үнэг, чоно, хярс, цөөвөр чоно, сарьсан багваахай зэрэг зэрлэг
хөхтөн амьтад өвчилдөг. Тэдгээрийн бие махбодид галзуугийн үүсгэгч удаан
хугацаагаар хадгалагддаг. Үнэг, цөөвөр чоно, сарьсан багваахай, гэрийн муур
зэрэг амьтад илүү их мэдрэг.
-Галзуугаар өвчилсөн үед ямар шинж тэмдэг илэрдэг вэ?
-Төв мэдрэлийн тогтолцоог гэмтээснээр хөдөлгөөний төвийн
сэрэлт ихсэж, амьсгалын ба залгих булчингуудын таталт, саажилт үүсч, богино
хугацаанд өвчтөн нас бардаг. Нууц үе 12-90 хоног үргэлжилнэ. Шархны хэмжээ,
байрлалаас хамаарч нууц үеийн хугацаа харилцан адилгүй байдаг. Төв мэдрэлийн
тогтолцоонд ойр байх тусам нууц үе богино байна. Өвчний эмнэлзүй өвчний урьдал
үе, хөөрлийн үе саажилтын үе гэсэн гурван үе шатаар илэрнэ.
-Галзуу өвчнөөр ямар хүмүүс өвчлөх эрсдэлтэй вэ?
-Зэрлэг мал, амьтантай харьцдаг хүмүүс халдвар авах нь илүү
байдаг. Монгол улсын хувьд галзуу өвчний эрсдэлд өртсөн тохиолдлуудын 50 хувь
нь малчид байна.
-Завхан аймгийн тухайд галзуу өвчний тохиолдол хэр бүртгэгддэг вэ?
-Сүүлийн таван жилийн байдлаар Завхан аймгийн хэмжээнд 832 хүн нохойд уруулж, вакцин эмчилгээнд хамрагдсан. 2022 онд Дөрвөлжинд гурван хүн, Эрдэнэхайрханд нэг хүн, Цагаанхайрханд нэг хүн нохойд хазуулжээ. Харин энэ оны нэгдүгээр улиралд Дөрвөлжин суманд гурван хүн галзуу нохойд уруулж ийлдэс эмчилгээнд хамрагдлаа.
Ер нь нохой, мал галзуурахад мал эмнэлэг хариуцаж ажилладаг. Харин манай байгууллагаас галзуу өвчний улирал эхлэхээс урьтан, хээрийн шинжилгээ хийж, иргэдэд сургалт сурталчилгаа өгч, вакцинжуулалтыг зохион байгуулж байна.
Мөн шаардлагатай тохиолдолд галзуу өвчний хээрийн судалгааг хийдэг. Тухайлбал, үүрийг нь олох, дурангаар харах, мөр харах аргаар судалгааг хийж байна.
Зурагт: Бэтэг болон галзуу өвчний хээрийн судалгаа хийж буй нь
-Галзуу өвчний улирал хэдий хэр хугацаанд үргэлжилж байна? Иргэд юуг
анхаарах вэ?
-Галзуу өвчний халдварын эх уурхай бол, галзуу чоно, нохой, муур цөөн тохиолдолд үхэр, гахай, хонь юм. Өвчтэй амьтанд хазуулж шүлсдүүлснээс халдварлана.
Харин галзуугийн улирал нь 9 дүгээр сараас дараа оны 4 дүгээр сар хүртэл үргэлжилдэг. Зарим тохиолдолд 3, 9 дүгээр сард илүүтэй тохиолддог. Тухайлбал, чононд хазуулсан хүн хамгийн хүнд байх ба олон тооны шархтай болдог учир хазуулсан болгон өвчилдөг. Хазуулсан шархаар дамжиж галзуу өвчний вирус биед ордог. Тиймээс галзуугийн сэжигтэй мал, амьтадтай болгоомжтой харьцах, малын эмчид үзүүлж, оношлуулах, өвчилж, үхсэн мал, амьтдыг устгуулах хэрэгтэй юм.
Харин төрийн байгууллагын зүгээс зэрлэг амьтныг өгөөш вакцин хэрэглэж дархлаажуулах, гэрийн тэжээвэр амьтдын тооллого судалгааг хийж вакцинжуулах ажлыг өргөн хүрээнд зохион байгуулах нь зүйтэй.
Хот суурин газарт эзэнгүй нохойг хяналтад авах, тэжээвэр нохой, муурыг мал эмнэлгийн хяналтанд байлгаж, вакцинжуулах, галзуугийн голомттой бүс нутагт амьдардаг бол малаа вакцинжуулах. Галзуугийн сэжигтэй болон галзуугаар өвчилсөн мал, амьтанд уруулж, ноцуулсан тохиолдолд шархыг таван минутын турш сайтар савандаж угаах, спирт, тамедин зэрэг уусмалаар шавшиж угаах.
Яаралтай эмнэлгийн байгууллагад хандаж, вакцин, ийлдэс тариулж, бүрэн тун хийлгэж дуустал эмчийн хяналтад байхыг иргэдэд зөвлөж байна.
-Жил бүр нохой галзуурдаг гэж ойлгож болох уу?
-Галзуугийн вирус нь нохдын овгийн амьтдад байдаг ба уг амьтны дархлаа сулрахад идэвхждэг гэж үздэг. Харин байгалийн нөхцөлд үнэг, хярс, чоно зэрэг амьтдын ороо нийллэгийн дараа илүү идэвхжиж байгаа нь ажиглагддаг. Тиймээс жил бүр галзуу өвчний тохиолдол бүртгэгдэнэ. Ийм учраас иргэдэд гэрийн тэжээвэр амьтдыг вакцинжуулалтад тогтмол хамруулахыг зөвлөж байна.
-Танд баярлалаа.