ЗАВХАН: Хоточ банхрын гөлөг үнэ цэнтэй хэвээр байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Улиастай/МОНЦАМЭ/. Тус аймгийн Отгон сум хоточ банхар олонтой. Тиймээс ч тус сумаас хоточ банхрын гөлгийг зорьж очиж авдаг иргэд олон. Тэгвэл Отгоны хоточ банхрын гөлөг 350-500 мянган төгрөгт хүрчээ.
Отгоны гэх тодотголтой эх эцэг талаас цэвэр цустай жинхэнэ хоточ банхрын гөлөг 2017 онд 200-300 мянга хүрч байж. Харин энэ жил үнэ нь ч өсжээ.
Харин цэвэр биш гэхдээ Отгон сумын хоточ банхрын эрлийзийн үр төл нь 200-аас 300 мянгаар зарагдаж байна. Улиастайд амьтдын нэгдсэн зах байхгүй хэдий ч гараас гар дамжин хоточ банхрын гөлөг эрэлт ихтэй байгаа нь тус аймгийн цахим орчинд байгаа заруудаас харж болно гэж гөлөг худалдаж буй иргэн хэлэв.
Дэлхий дээр одоогоор нохойны тоо толгойг 400 сая гаруй гэж
эрдэмтэд таамагладаг. Харин хамгийн үнэтэй нохойны тоонд ордог, хамгийн
тэвчээртэй гэгддэг монгол банхрын тоо, толгойг бууруулахгүй авч үлдэх ажлыг мэргэжлийн
нохой сургагч байгууллага, хувь хүмүүс хийж байгаа аж.
Монгол Банхар ОХУ-ын Сибирь, Тува, Эрхүү мужын зарим хэсэг, Буриадын Чит муж. Агинский, Усть-Ордын тойрог, Казахстаны Семипалатинск, Өвөр Монгол, Төвдөд тархжээ. Судлаач А.Осорын тодорхойлсноор монгол нохой нь Энэтхэгийн хар чононоос гаралтай “гарз” нохойн төрөл аж.
Монгол нутагт 12-15 мянган жилийн өмнөөс гэршүүлж эхэлсэн гэдэг. Одоогийн байдлаар цэвэр монгол үүлдрийн нохой Ховд, Баянхонгор, Говь-Алтай, Завханы Отгон, Өмнөговь, Дундговь, Дорноговь, Төв, Архангай, Өвөрхангай зэрэг аймгуудад цөөн тоотой байгаа ажээ.
Харин монгол банхар судлаач Ц.Лувсанбалдангийн хэлснээр,
-“Дэлхийн нохой судлалын холбоо гэж бий. Монголын нохой
судлалын холбоо ч байдаг. Дэлхий дахинд нохойны үүсэл гарвалыг урдаасаа хойшоо
чиглэсэн гэж түүхэнд бичсэн байдаг. Нохойны үүслийг Энэтхэгийн хар чононоос үүдэлтэй
ч гэдэг. Непал, Гималайн өвөр, Төв Ази, манай монгол нутгаар монгол
банхар тархсан байдаг. Миний судалгаагаар бол бас Майскийн номд ч байдаг шүү
дээ.
Ертөнцийн тав дахь усан галав юүлсний дараа анхны эх газар Очирваань хайрхан, Отгонтэнгэр ил гарчээ. Дээрээс нь түүхэн баримтаас харж байхад бидний өвөг дээдэс нохойтой харьцах ёс заншил нь агуу байж. Та бид бүгд мэднэ.
Айлаас гөлөг авахад өдөр судар харж сүү бариад очдог биз дээ. Нохойгоо үхэхэд аманд нь шар тос үмхүүлээд сүүлийг нь тайрч хойдхийн буяныг үйлддэг. Айлын шинэ бэр хүртэл анхны шөнөө хоночихоод ургахын улаан нарнаас хамгийн түрүүнд нохойгоо хооллож, зул, хүжээ өргөж, хадам эцэг, эхдээ цайгаа чанаж барьдаг уламжлалтай.
Судлаад байхаар дэлхий дахинд нохойг яг энэ улсаас, тэр үндэстнээс гаралтай гэсэн яв цав баримт байдаггүй ч логикийн хувьд бодоод үзэхээр Хүннү гүрний Атилла хаан, Чингис хаан хоёрыг дайн тулаанд нохой маш их ашигладаг байсан гэдэг.
Дэлхийд хамгийн өндөр үнэтэйд ордог мастиф гэж Түвдийн
нохой нь явж явж үүсэл гарвал нь Монгол нохой болж таарсан. Хамгийн өндөр
үнэтэй 1 сая 500 мянган доллар, сая еврогоор зарагддаг. Түвд мастиф гэж
англичууд л өгсөн нэр” гэж хэвлэлийн ярилцлагад дурджээ.
Монгол банхрын сонирхолтой баримтууд:
-Банхрын дундаж өндөр 75-85 см, амьдын жин дундажаар
70-90кг. Зарим үед өндөр нь нэг метр, жин нь 110 кг хүрч байжээ.
-1275 онд дэлхийн алдарт аялагч Марко Поло “даага шиг тийм
том нохойг анх удаа үзлээ” гэж монгол банхрын тухай гайхшран бичсэн байдаг.
-Монгол банхар нь Чингис хаан, Атилла хааны байлдан
дагуулалтын үеэр Төв Ази, Баруун Европ, Хималайн бүс нутгуудаар өргөн тархсан
гэдэг.
-Монгол нохой дунджаар 15 - 20 жил насална. Монгол нохойн
үндсэн зүс нь халтар, зүрх цагаан, хар зүстэй байдаг.
-1950, 1960- аад онд хүн, малын өвчин тараагч гэсэн хаяг
зүүж, олноор нь алж устгасан нь цэвэр монгол үүлдрийн нохойн тоог эрс
цөөрүүлсэн юм.
-1920-иод оны үед монгол хоточ нохой 200-300 мянга байснаа
10-20 мянга болтлоо цөөрчээ.
-Монголд 1957, 58, 59 онд баруун таван аймгийг дамнасан
хүчтэй газар хөдлөлт болсон гэдэг. Тухайн үед нутгийн айлд нэг муу монгол
банхар малд явдаггүй, үс ноосондоо баригдчихсан, хотонд хуцдаггүй. Хөгширсөн
идэхээс өөр юм мэддэггүй гээд адлагддаг байж. Тэгсэн гэнэт нэг өдөр нохой нь
гэр рүү нь давхиж ороод орон дээр дээр унтаж байсан өлгийтэй хүүхдийг зуугаад
гараад давхисан байгаа юм. Гэрийнхэн хашгиралдаад бүгдээрээ нохойны араас том
жижиггүй хашгираад гүйгээд байж. Гэтэл хэдхэн минутын дараа ард нь газрын
гаваар гэр хот нь орсон гэдэг. Тэр айл ад үзээд байсан нохойныхоо ачаар бүгд
амьд мэнд гарчээ. Бидний амийг аварсан ачтан гэж үхэн үхтэл нь хүндэлдэг болсон
гэдэг.
-Аливаа орчинд дасан зохицох чадвартай. Сэтгэлзүйн хувьд
мэлен холек талруугаа. Юм сурахдаа гадны нохой шиг хурдан шалмаг сүрхий биш.
Байгалаасаа зөнгөөрөө юмыг мэдэрдаг. Шаардлагатай үед л хүч чадлаа гаргадаг. Юм
бүхэн рүү үсэрч цовхчоод байдаггүй. Аливаа зүйлийг зааж сургах гээд нэмэргүй.
Өөрийн зөнгөөрөө амьдардаг нь уугуул шинжийг нь баталж өгдөг.
-Монгол, Түвд банхрын хооронд бага зэрэг ялгаа бий. Гэхдээ
энэ нь үүлдэр, угсаа биш зөвхөн амьдрах орчноос үүссэн ялгаа юм.
Хасар нохой (Чоно баригч), Төвд нохой (гарз нохой), Монгол
нохой, Монгол Банхар, Хоточ нохой, хоньч нохой, Дөрвөн нүдэт Хар нохой, Банхар,
баавгай, Хүннү нохой (гадныхан нэрлэдэг нэршил), Буриад Монгол гарз нохой
хэмээн олон янзаар нэрлэж иржээ.
-Монгол банхрын эр нь дунджаар 66-70 см, эм нь 62-66 см,
55-80 кг жинтэй.
-Үржлийн хувьд чонотой их төстэй, өвөл 11-12 сарын үед ороо
нь ордог бөгөөд жилд нэг л удаа гөлөглөдөг. Ойролцоогоор 2-8 гөлөг гаргадаг,
гарсан гөлөгнүүд нь өвлийн хүйтнийг тэсвэрлэн давж гардагаараа бусад нохойгоос
илүү байгалийн шалгаралд тэсч үлддэг онцлогтой аж.
-Монголын нохой судлалын холбоо 2009 онд байгуулагдсан.
Нохой судалдаг хүмүүс нэгдээд тусдаа үржлийн газартай болж цэвэр үүлдрийг авч
үлдэхээр ажиллаж байна.
-Дөрвөн нүдний учрыг шинжлэх ухааны талаас нь тайлбарлахад
Төв азийн нутагт түгээмэл тархсан монгол нохой буюу банхар нохой нар саранд
ойр, нарны гэрлийн хугарлыг ялгах гэж хүнд хөмсөг заяадагтай адил үүссэн.
Монголчууд үүнийг бэлгийн нүд гэж ярьдаг. Дөрвөн нүдтэй нохой гэрийнхээ хаяанд
аахилаад хэвтэж байхад эзнээ юм бүхнээс хамгаалдаг гэдэг.
-Чингис хаан дайлаар мордохдоо 30 мянган монгол нохойтой,
цэрэг армитай байжээ. Дайн тулаанд нохойг маш их ашиглаж байсан. Түвдийг
эзэлсний дараа тэнд нохойныхоо баазыг байгуулсан гэж түүхэн баримт байдаг аж.
-Монголчуудын хэлдэгээр арслантай авдар, нэг төгрөг дээр
арслан шиг зураг байдаг. Энэ бол арслан биш монгол нохой юм. Нохойг эртний
монгол зургийн аргаар гурван дугуй дүрсээр зурдаг байна. Эхнийх дугуй нь
толгой, хоёр дахь нь цээж, гурав дахь нь сүүл нь юм.
Завхан аймгийн 81 гайхамшиг цуврал номд “Түгээмэл тархацтай 9 мал, амьтаны тухай өгүүлэх” зургадугаар ботид ноосны чанар, мах, сүүний гарцаараа алдартай Сартуул хонь, ноолуурын өндөр ашиг шимтэй Буурал омгийн ямаа, Тэсийн голын адуу, Отгоны жинхэнэ монгол хоточ банхар зэрэг 9 зүйлийн амьтан багтсан байдаг.