“Шөнө дундын бүжиг” жүжгийг М.Батболд найруулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Орфей” театрынхан “Зуны шөнийн театр” төслийг ирэх зургаадугаар сараас хэрэгжүүлнэ. Эл төслийн эхний уран бүтээлээр жүжиг, кино, үргэлжилсэн үгийн нэрт зохиолч Сорогдогийн Жаргалсайханы “Шөнө дундын бүжиг” жүжгийг сонгож, хүргэхээр болжээ.
Энэхүү жүжиг “Орфей” театрынхны үзэгчдэд хүргэхээр сонгосон анхны монгол зохиол юм.
“Энэ нийгэмд бодит байдал дээр хүн төрхтэй араатан олон
болж. Сайхан сэтгэл, үнэнч хайранд бус эд хөрөнгө, хөнгөн жаргалдаа, шуналдаа
автан амьдрах хүн сүрэг болж” гэдгийг тод томруунаар харуулдаг, содон
сонирхолтойгоор өгүүлдэг эл жүжгийг найруулагч М.Батболд өнөө цагийн үзэгчдэд зориулан
найруулж буй юм. Энэ удаа кабаре төрлөөр, драм нь насанд хүрэгчдэд зориулан
хүргэхээрээ онцлогтой.
“Шөнө дундын бүжиг” жүжгийг “Хувьсал” продакшныхан 2001 онд үзэгчдэд анхлан хүргэхэд Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин П.Цэрэндагва, МУГЖ У.Уранчимэг, Ж.Оюундарь, Г.Эрдэнэбилэг, жүжигчин Н.Ялалт нарын жүжигчид тоглосон бөгөөд 2011 онд дахин сэргээн тоглоход МУГЖ С.Болд-Эрдэнэ, жүжигчин Г.Отгонцэцэг, Б.Баярмаа, Б.Оюунбаатар, Л.Амарсайхан нар тоглож байв.
Ташрамд дурдахад, ОХУ-ын ГИТИС-ийг дүүргэсэн найруулагч М.Батболд “Фауст”,
“Гэм зэм”, “Опал” жүжгийг найруулан үзэгчдэд хүргэсэн юм.