Шинжлэх ухааны академи ШУТИС-тай хамтран ажиллана
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Шинжлэх Ухааны Академи, Шинжлэх ухаан, технологийн их сургууль хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж, ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл, ШУТИС-ийн захирал Т.Намнан нар гарын үсэг зурав.
Энэхүү санамж бичгийн зорилго нь ШУА болон ШУТИС-ийн эрдмийн хамт олны үйл ажиллагааны нийтлэг чиг хандлага, судалгааны дэд бүтцэд түшиглэн өндөр түвшний судалгааг хамтран хэрэгжүүлэх, сургалт-судалгааны ажлыг уялдуулах, эрдэмтэн бэлтгэх, салбар дундын томоохон төслийг хамтран хэрэгжүүлэх юм. Мөн судалгаанд суурилсан их сургуулийг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр, ШУА-ийн дунд хугацааны стратеги төлөвлөгөө болон ШУТИС-2030 стратеги төлөвлөгөөг хэрэгжүүлэх хүрээнд инновацын эко системийг бүрдүүлэх, талууд өөрсдийн харьяа лабораториуд, судалгааны дэд бүтцээ талуудын эрдэмтэд, багш, эрдэм шинжилгээний ажилтан болон ахисан түвшний суралцагчдад харилцан ашиглуулах, судалгааны ажил хийх нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэж байгаа юм.
Уг санамж бичигт,
·Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд хамтарч ажиллах;
·Олон улсын болон дотоодын судалгааны тэтгэлэгт хамтран төсөл боловсруулж оролцох, хэрэгжүүлэх;
·Судалгааны лаборатори, багаж тоног төхөөрөмжийг хөнгөлөлттэй үнээр хамтран ашиглах;
·Салбар дундын, байгууллага хоорондын хамтарсан төсөл хэрэгжүүлэх, төсөлд оролцож байгаа ахисан түвшний суралцагсдыг хамтран удирдах;
·ШУТИС болон ШУА-ийн гарааны компанийн үйл ажиллагааг дэмжихэд хамтран ажиллах;
·Олон улс, бүс нутгийн болон хоёр талын хамтарсан экспедиц, эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах;
·ШУА болон харьяа хүрээлэнгүүдээс ахисан түвшний сургалтад хамрагдаж байгаа эрдэм шинжилгээний ажилтнуудын сургалтын төлбөрт тодорхой хувийн хөнгөлөлт үзүүлэх;
·Оюуны өмч болон бусад мэдээллийн санг харилцан солилцох;
·Технологи дамжуулах нэгжүүдийн сүлжээ байгуулахаар хамтран ажиллах зэрэг ажлыг тусгажээ.