"Цусны даралт ихсэлтийн эсрэг аян"-ы хүрээнд 19 мянган хүнийг үзлэгт хамруулжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын Гуравдугаар төв эмнэлэг, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, МҮОНРТ болон ХААН банк хамтран зохион байгуулдаг “Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ы энэ жилийн үйл ажиллагааны нээлт энэ сарын 11-нд ХААН банк цамхагт боллоо.
“Цусны даралт ихсэлтийн эсрэг аян” өдгөө олон нийтэд хэдийнэ танигдаж, орон даяар иргэд, харилцагчид бодит үр шимийг нь хүртэж, эрүүл саруул болсон жишээ цөөнгүй бий. Иргэдийн эрүүл мэндийн мэдлэг ойлголтыг сайжруулах, эрүүл мэндийн төрөлжсөн нарийн мэргэжлийн үзлэг, оношилгоонд хамруулах зорилготой эрүүл мэндийн аяны нээлтийн үеэр оролцогч талууд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.
Энэ жилийн аяныг зургаадугаар сарын 18-23-нд Дундговь, Өвөрхангай, наймдугаар сарын 20-24-нд Завхан, Говь-Алтай аймагт тус тус хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Аяны үеэр уламжлал ёсоор цусны даралт ихсэх, түүний эрсдэлт хүчин зүйлийн тухай эрүүл мэндийн мэдлэг олгох сургалт явуулж, зорилтот бүлгийн иргэдэд цусны даралт ихсэлтийн эрт илрүүлгийн үзлэг оношилгоо хийж, зүрх судас, зүрхний шигдээс, мэдрэл, тархины цус харвалт, бөөр, хоол боловсруулах замын эмгэгийн нарийн мэргэжлийн эмч нарын үзлэгт хамруулдаг юм.
Мөн орон нутгийн эмч, мэргэжилтнүүдийг чадавхжуулах сургалт зохион байгуулж, цусны даралт ихсэлтийг эрт илрүүлэх, оношлох чиглэлээр чадавхжуулах сургалт зохион байгуулж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх хүн амын дундах даралт ихсэлтийн шалтгаан, нөхцөлийн талаар судалгаа хийх юм.