Улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр тохиож байна
МОНГОЛЫН МЭДЭЭУлс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр өнөөдөр тохиож байна.
Монгол Улс жил бүрийн есдүгээр сарын 10-ныг улстөрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр болгон тэмдэглэж ирснээс хойш эдүгээ 21 жил болж байна. Энэхүү өдрийг тохиолдуулан өнөөдөр 09.00 цагт Сонгино хайрхан ууланд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлсэн Мөн 12.00 цагт Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга М.Энхболд, УИХ-ын дэд дарга Я.Санжмятав, Ц.Нямдорж, Засгийн газрын гишүүд болон хэлмэгдэгсдийн ар гэрийнхэн “Хэлмэгдэгсдийн хөшөө”-нд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлнэ.
1922-1937 оны хооронд явагдсан их хэлмэгдүүлэлтэд Монголын 36 мянга гаруй сэхээтэн өртсөн гэсэн судалгаа бий. Улс төрийн хэлмэгдэгсдийг Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах комисс байгуулагдаад 26 жил болж байна. Энэ хугацаанд шүүхээс нийт 31200 гаруй хүн буюу 90.6 хувийг нь цагаатгаж, нэр төрийг нь сэргээгээд байна. Мөн шалгаж шийдвэрлээгүй улс төрийн 2375 хэрэг байна. Гэтэл цагаатгуулах өргөдөл хүлээн авах хугацаа 2011 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөр дуусгавар болсон. Иймд энэ хугацааг сунгуулах хуулийн төслийг боловсруулж, намрын чуулганаар хэлэлцүүлэх шаардлагатай байгааг Улсын комиссоос анхааруулж байгаа юм.
Өнгөрсөн хугацаанд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсэд, тэдний гэр бүл, үр хүүхэд, ач зээ 18 мянга гаруй иргэнд 16 тэрбум 300 гаруй сая төгрөгийн нөхөх олговор олгосон байна. Мөн амьд сэрүүн байгаа хэлмэгдэгч, нас барсан хэлмэгдэгчийн эхнэр, нөхөр болох 153 иргэнд орон сууц, 198 иргэнд орон сууц орлосон мөнгөн олговор, 310 иргэнд 84 сая 370 мянган төгрөгийн буцалтгүй тусламжийг олгожээ. Түүнчлэн салбар комиссууд өөрсдийн нөөц бололцоо, тухайн орон нутгийн аж ахуйн нэгжүүдийн дэмжлэгээр хэлмэгдэгчид болон тэдний гэр бүлийн 14 мянга 328 иргэнд 214 сая 186 мянган төгрөгийн буцалтгүй тусламжийг үзүүлсэн аж.
Ч.Ариунболд