Цас цэвэрлэх, давс, бодис цацах 10 машиныг хүлээн авлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2025-09-23 16:47:07

Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 23 /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотын нийтийн аж ахуйн үйлчилгээнд шаардлагатай цас цэвэрлэх, давс, бодис цацах зориулалт бүхий Howo V7X маркийн 10 машиныг өнөөдөр хүлээн авлаа.


Эдгээрийг өвөл цас шүүрдэх, давс, бодис цацахаас гадна дулааны улиралд хог тээвэрлэхэд ашиглах боломжтой. Нэг ээлждээ 8-20 цаг ажиллан, 10 гаруй тн давс, бодисыг тээвэрлэж, 6-15 метрийн өргөнд цацах хүчин чадалтай. Түлшний багтаамж нь 400 литр бөгөөд Евро-5 стандартын хөдөлгүүртэй аж.  


Эдгээр техникийг дотоод, гадаадын долоон аж, ахуйн нэгж байгууллагаас хүлээж авч байгаа бөгөөд одоогоор 2024, 2025 онд үйлдвэрлэсэн, тусгай зориулалтын 170 гаруй машин механизм, тоног төхөөрөмжийг гэрээнд заасны дагуу нийлүүлж байна. Тоног төхөөрөмжүүдийг нийслэлийн есөн дүүрэг, Геодези, усны барилга байгууламжийн газар, Хот тохижилтын газар, Ус сувгийн удирдах газар, холбогдох чиг үүргийн байгууллагад хүлээлгэн өгч, хотын аж ахуйн ажилд ашиглах юм.



Нийслэлийн хөрөнгөөр өнгөрсөн онд цас цэвэрлэх, түрэх, давс цацах 10, найман шүүрт машин, бага оврын цас цэвэрлэгч 10 машин, модны навч зэрэг хөнгөн юмсыг соруулах шинэ 46 тоног төхөөрөмжийг авчээ. 


НЗДТГ-аас нийслэлд цэвэр цэмцгэр, ая тухтай орчин бүрдүүлэх, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бий болгохоор хот, нийтийн аж ахуйн салбарт парк шинэчлэлийг үе шаттай хийж байна. Энэ онд нийслэлийн төсвийн хөрөнгөөр хог тээвэр, зам талбайн цэвэрлэгээ, усны барилга байгууламжийн 301 тусгай зориулалтын машин механизм, тоног төхөөрөмж авч, парк шинэчлэхээр төлөвлөсөн нь ийнхүү хэрэгжиж байгаа аж

相关新闻