Жуулчдад зориулсан “Монголын сайхан орон” тоглолтоо шинэ өнгө төрхтэйгөөр толилуулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үндэсний Урлагийн Их Театрын уран бүтээлчид Монголд зочлох жилийн хүрээнд гадаад дотоодын жуулчдад зориулсан “Монголын сайхан орон” тоглолтоо шинэ өнгө төрхтэйгөөр энэ сарын 20-ноос толилуулна.
Монгол
Улсын тусгаар тогтнолын бэлэг тэмдэг болсон олон мянган жилийн түүхт
нүүдэлчдийн ахуй соёлыг эрт үеэс өнөө цаг хүртэл өвлөн тээж үндэстний
бахархал болсон дуу хуур, бүжиг наадам, ёс заншлаа дээдэлсэн үндэсний урлагийн
төв тус театрын уран бүтээлчид УДБЭТ-ын тайзнаа
өдөр бүр тоглох юм.
Тоглолтод өнө эртний төрт улс Хүннү гүрнээс
улбаатай хөг аялгуу эгшиглэж, Их Монгол их хаадын орд өргөөнд эгшиглэж байсан
Төрийн найрлын эгшиг аялгуунд ёслол хүндэтгэлтэй бүжиж, энэхэн замбуу тивээ
аргадсан дуун түрлэгээр үзэгчдийн сонор
мэлмийг баясгах аж.
Тоглолтод Монгол Төрийн Үндэсний Хөгжмийн Их Найрал, Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Төрийн шагналт, Зууны манлай уртын дууч Н.Норовбанзадын нэрэмжит дуучид, Ардын жүжигчин, Төрийн шагналт, Зууны манлай бүжиг дэглээч Ц.Сэвжидийн нэрэмжит бүжгийн чуулга, уран нугараачид оролцоно.