Норвегийн аялагч Оскар Мамены сонирхлыг гойд татсан нүүдэлчин монголчуудын амьдрал

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2023-06-16 16:33:07

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улс, Норвегийн Хаант Улстай дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойд зориулсан “Оскар Мамены ертөнц ба Монголчууд” сэдэвт гэрэл зургийн үзэсгэлэнг Чингис хаан үндэсний музейд өнөөдөр нээлээ.

 

Норвегийн нэрт аялагч, адал явдлын эрэлчин, цуглуулагч, бизнесмэн Оскар Мамен /1885-1955/ Монгол, Өвөр Монгол, Хятад, Орос улсаар 30 гаруй жил аялжээ. Үр ач нар нь түүний аяллын цуглуулга 10,000 гаруй гэрэл зураг, 500 эд зүйл, өдрийн тэмдэглэл, захидал, аяллын баримт бичиг, гар бичмэлийг 2017 онд Осло хотын Соёлын түүхийн музейд хандивласан байдаг. Тэрбээр 1885 онд Норвегийн нийслэлээс холгүй орших Норби Вестре дэх гэр бүлийн эдлэн газрын өв залгамжлагч болон төржээ. Монголд 1911-1928 онд олон удаа ирж урт, богино хугацаагаар амьдарч байв. 1927-1933 онд Өвөр Монголд сууж байгаад 1945 онд Монголд богино хугацаагаар ирсэн байна.


Норвегийн аялагч Оскар Мамены сонирхлыг зуун жилийн өмнө гойд татсан нүүдэлчин монголчуудын амьдралыг эл үзэсгэлэнгээс үзэх боломжтой. 


Энэхүү үзэсгэлэнд түүний Монголд байхдаа цуглуулсан ховор үзмэр, эх сурвалжийн нэгээхэн хэсгийг дэлгэснээс гадна гэрэл зурагтаа нүүдэлчдийн бэлчээрийн мал аж ахуйн өвөрмөц байдлыг Нийслэл хүрээний дүр төрхтэй хослуулан тусгаснаараа онцлогтой. Энэ удаа монголчуудад зориулан дэлгэж буй үзэсгэлэнгийн гэрэл зургууд Оскар Мамены Монголд байхдаа цуглуулсан ховор үзмэр, эх сурвалжийн зөвхөн нэгээхэн хэсэг нь юм. 

 

Ташрамд сонирхуулахад, 2022 оны эхээр МУИС-ийн Монгол судлалын хүрээлэнгээс эрхлэн Норвегийн аялагч, цуглуулагч Оскар Мамены (1885-1955) бичсэн "Зүүнш зорчсон нь" (Going East) хэмээх аяллын тэмдэглэлд үндэслэсэн шинжлэх ухаан танин мэдэхүйн гар бичмэл зохиолыг Норвегийн Осло их сургуулийн Соёлын түүхийн музейн ажилтан, докторант Мария Картвейтын бэлтгэснээр Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод монгол хэлээр хэвлүүлсэн байна. Энэхүү зохиолыг МУИС-ийн Их Британи, Америк судлалын тэнхимийн багш, доктор Ж.Эрдэнэбат англи хэлнээс монгол хэлнээ хөрвүүлэн, мөн сургуулийн Монгол судлалын хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга др. Ж.Лхагвадэмчиг, Ази судлалын тэнхимийн багш доктор Д.Ундрах нар хянан тохиолдуулж, эрхлэн хэвлүүлжээ. Харин Оскар Мамены Монгол Улсад авсан гэрэл зургуудын дээжээс мөнхүү Мария Картвейтын эмхэтгэснээр Олон улсын Монгол судлалын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, академич, түүхийн шинжлэх ухааны доктор С.Чулуун эрхлэн "Монгол орон ба монголчууд" цувралынхаа 10 дугаар ботид оруулан хэвлэжээ. Норвегийн аялагч, бизнесмэн Оскар Мамен өөрийн үеэл Альфред Рустадын хамтаар 1911 оноос эхлэн Монголд байхдаа авсан Монголын түүхэнд холбогдох ховор нандин зургууд нь Норвеги дахь Оскар Мамены ач зээ нарынх нь байшингийн дээврийн хөндийд зуу орчим жил хадгалагдаж байсан нь таашгүй оньсого бөгөөд монголчуудын хувьд түүхийн ховор олз, ХХ зууны Монголын түүхийн шинэ эх сурвалжид зүй ёсоор орно гэдгийг тэмдэглэж байна. Оскар Мамены тэмдэглэл нь уншихад гойд сонирхолтой төдийгүй түүхэн гэрэл зургуудаар баталгаажуулснаараа онцлогтой юм.

 

ХХ зууны эхээр Монголыг зорьж ирсэн Өрнөдийнхөн олон байдаг, тэдний бичиж үлдээсэн олон тэмдэглэл англи, монгол болон бусад хэлээр хэвлэгдсэн нь бий. Харин энэ удаа хэвлэгдсэн Оскар Мамен хэмээх эрхэмийн бичсэн Монголын тухай зохиол хийгээд түүний гэрэл зургууд нь барууныхны нүдээр урьд өмнө харж байсан өнцгөөс тэс өөр Монгол орон, монголчуудын үнэн магад байдал, дотоод сэтгэлийн мөн чанарыг олж харан гайхамшигтай дүрсэлснээрээ онцлогтой байна.

 

Энэ сарын 26-ныг хүртэл үргэлжлэх тус үзэсгэлэнг Чингис хаан үндэсний музей, ШУА-ийн Олон Улс судлалын хүрээлэн, Монгол Улсыг хамаарагч Норвегийн Хаант Улсын ЭСЯ, Монгол Улсын ГХЯ-наас хамтран зохион байгуулж байна. Мөн Олон улс судлалын хүрээлэнгийн профессор О.Батсайхан санаачлан, Чингис хаан үндэсний музейн захирал, академич С.Чулуун, Норвегийн Соёлын түүхийн музейн судлаач, докторант Мария Картвейт нар хамтран зохион байгуулжээ.

Энэхүү үзэсгэлэнгийн дараа Монгол Улс Норвегийн Хаант Улстай дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойд зориулсан "Mongols in the memories of Oscar Mamen" (Норвегийн нэрт аялагч, цуглуулагч Оскар Мамены ертөнц ба Монголчууд" сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал болж, Чингис хаан Үндэсний музейн захирал, академич С.Чулуун, Норвегийн Соёлын түүхийн музейн судлаач Мария Картвейт, МУИС-ийн Их Британи, Америк судлалын тэнхимийн багш Ж.Эрдэнэбат, ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн профессор О.Батсайхан нар илтгэл тавьж хэлэлцүүлэв.

 

Тус үзэсгэлэнгийн нээлтэд Монгол Улсын ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр, Норвегийн Хаант Улсаас Монгол Улсыг Хамаарагч Элчин сайд, хатагтай Signe Brudeset, ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэн, Түүхийн хүрээлэн, МУИС, МУБИС зэрэг их, дээд сургуулийн эрдэмтэн, судлаачид оролцов.





















相关新闻