ХӨВСГӨЛ: Зөвшөөрөлгүй газар ашиглаж буй 12 аж ахуйн нэгжид арга хэмжээ авчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2023-06-20 11:02:57

Мөрөн /МОНЦАМЭ/. Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газарт үйл ажиллагаа явуулж буй иргэн, аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж зөвшөөрөлгүйгээр газар ашиглаж байсан 12 аж ахуйн нэгжид хуулийн дагуу арга хэмжээ авсан байна.


Хяналт шалгалтад 42 иргэн, аж ахуйн нэгж хамрагдсанаас давхардсан тоогоор газрын хэмжээг зөвшөөрөлгүй хэтрүүлэн ашигласан 7, зөвшөөрөлгүйгээр газар ашигласан 12, байгаль орчны менежментийн төлөвлөгөөгүй 5, ус ашиглах дүгнэлт зөвшөөрөлгүй 5, хаягдал усны дүгнэлт гаргуулаагүй 5, ойн болон усан сангийн хамгаалалтын бүстэй давхцалтай 25 зөрчил илрүүлжээ.


Энэ үеэр газар ашиглах тусгай зөвшөөрөл бүхий иргэн, аж ахуй нэгжийн газар ашиглалтын байдалд хяналт, хэмжилт хийх, илүү талбай хашаалсан зөрчлийг газар дээр нь арилгуулах, мэдэгдэл хүргүүлэх, мал амьтны нүүдэл шилжилт хөдөлгөөнд саад учруулсан хашаа хайсыг буулгуулж байна.


Мөн  орц гарц гаргуулах, цэвэршүүлэх байгууламжийн хаягдал уснаас дээж авч шинжилгээнд хамруулах, хог хаягдлын тухай хуулийн  хэрэгжилтийг хангуулан ажиллаж байна.

Хяналт шалгалтыг БОАЖЯ -ны салбарын хяналтын газар, Хөвсгөлийн УТХГ-ын хамгаалалтын захиргаа, аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Хөвсгөл нуур, Эгийн голын сав газрын захиргааны хамтарсан ажлын хэсэг хийж байна.

 

 

相关新闻