Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-д айлчилна
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чяны урилгаар тус улсад 2023 оны зургаадугаар сарын 26-нaaс долдугаар сарын 1-нд албан ёсны айлчлал хийнэ.
Айлчлалын үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чянтай албан ёсны хэлэлцээ хийж, БНХАУ-ын дарга Ши Жиньпин, Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Жао Лөжид тус тус бараалхана. Уулзалт, хэлэлцээний үеэр талууд Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа, харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх асуудлуудаар санал солилцоно. Айлчлалын үеэр хоёр талын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурна.
Мөн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Тяньжин хотноо зохион байгуулагдах Шинэ манлайлагчдын 2023 оны ээлжит чуулга уулзалт буюу “Зуны Давос” олон улсын эдийн засгийн чуулга уулзалтад оролцоно.