ХӨВСГӨЛ: Хатгал тосгоны хогийн цэгийг дарах геомебран давхаргыг дэвсэж дууслаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Мөрөн /МОНЦАМЭ/. "Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл”-ийн хүрээнд Хөвсгөл аймгийн Хатгал тосгонд 39 жилийн хур хогийн цэгийг устгаж, ирэх 20 жилийн хугацаанд ашиглахаар төлөвлөж буй 2-р зэрэглэлийн төвлөрсөн хогийн цэг байгуулж байна.
Хатгал тосгоны шинэ төвлөрсөн хогийн цэгийн хог дарж булшлах ландфиллын
үүр, бохир шингэн хуримтлуулах сангийн хамгаалалтын геомебран давхарга дэвсэх
ажил дууссан бөгөөд байгууламжийг 7 дугаар сард багтаан ашиглалтад оруулахаар
ажиллаж байна.
Орон нутгийн төвлөрсөн хогийн цэгүүд хог хаягдал ил задгай тархсан, байгаль
орчин бохирдуулсан маш хүнд нөхцөлтэй байдаг бөгөөд төслийн хүрээнд барьж буй
энэхүү төвлөрсөн хогийн цэг нь суманд байгуулж буй 2-р зэрэглэлийн төвлөрсөн
хогийн цэгийн анхны бүтээн байгуулалт юм.
Хог хаягдлын менежментийн хувьд эх үүсвэр дээр ангилан ялгалт хийх ба шатах
боломжтой хог хаягдлыг зориулалтын зууханд шатааж устган, дахин боловсруулах
болон шатаах боломжгүй хог хаягдлыг эцсийн шатанд ландфилд дарж булшилж байгаа
юм.
Тус байгууламжийг ашиглалтад оруулснаар багадаа 20 жил, түүнээс дээш хугацаанд
ажиллах төлөвлөгөөтэй байгааг төсөл хариуцагч нар энэ үеэр онцолж байлаа.