Нүүдэлчдийн оюун санаа, соёл, уламжлал ба орчин үеийг харуулсан "Гарваль" үзэсгэлэн
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЮНЕСКО-гийн ивээл дор Нүүдлийн соёл иргэншлийг судлах олон улсын хүрээлэн, Нүүдэлчдийн судалгааны комисс, МУИС, Монгол Судлалын Хүрээлэн, Монголын антропологийн холбоо, Виннипегийн Их сургууль, Оксфордын Их сургууль хамтран "Нүүдэлчдийн ёс зүй, соёл хоорондын харилцан ойлголцол" сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг Улаанбаатар хотноо 2023 оны 6 дугаар сарын 22-23-ны өдрүүдэд зохион байгууллаа.
Тус эрдэм шинжилгээний хурал нь:
- Нүүдлийн соёл бүхий улс оронд ёс зүй, ёс суртахууныг хэрхэн ойлгодог талаар нэгдсэн мэдлэг ойлголт бий болгох,
- Нийгмийн тэгш байдлыг хангах, соёл хоорондын харилцан ойлголцлыг бэхжүүлэхэд нүүдлийн соёлын ёс зүй ямар хувь нэмэр оруулсан талаар судалж, баримтжуулах,
- Социализм болон колончлолын дараах улс орнуудад ёс зүйг хэрхэн дахин тодорхойлж, ёс суртахууныг хэрхэн дахин бүтээж байгааг судалгаа шинжилгээнд тулгуурлан баримтжуулах,
- Хүний эрхэд суурилсан ёс зүй, ёс суртахууны тухай олон нийтийн ойлголт мэдлэгийг нэмэгдүүлэх зэрэгт үйл ажиллагаагаа чиглүүлсэн байна.
Хурлын хүрээнд Монголын уран зургийн галерейд Дэлхийн уугуул иргэдийн оюун санааны өвлөн уламжлагчдын холбооноос (WUISP) зохион байгуулж буй "Гарваль" олон улсын үзэсгэлэн 2023 оны 6-р сарын 23-ны 18:00 цагт нээлтээ хийлээ. Буриадын Амгалан Ринчинэ болон Киргизийн Ынтымак Абдылдаев нарын дэглэсэн "Гарваль" үзэсгэлэнгээс нүүдэлчдийн оюун санаа, соёлын гүн залгамж чанар, амьдралын хэв маягийн эрч хүчийг мэдрүүлж, уламжлал ба орчин үеийг харуулсан Монгол, Буриад, Киргиз уран бүтээлчдийн ертөнцтэй танилцах боломжтой юм.
"Гарваль" олон улсын үзэсгэлэн 2023 оны 7 дугаар сарын 2-ны өдрийг хүртэл үргэлжилнэ.
Гэрэл зургийг Н.Батбаяр