ХӨСҮТ: Үер гэдэсний халдварт өвчнийг нэмэгдүүлдэг
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ХӨСҮТ-өөс гэдэсний халдварт өвчин буюу цусан суулга, гар, хөл, амны өвчнөөс сэргийлэх зөвлөмж өглөө.
Энэ оны эхний зургаан сарын байдлаар гэдэсний халдварт өвчний 3800 гаруй тохиолдол бүртгэгдсэний дийлэнх нь буюу 70-80 хувь нь гар, хөл, амны өвчин байна.
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны Гэдэсний халдвар тандах тасгийн эрхлэгч Н.Амгалан хэлэхдээ, “Гар, хөл, амны өвчнөөр 4 хүртэлх насны хүүхдүүд голчлон өвддөг. Өвчний үед хүүхдийн гар, хөл, амаар цэврүүтэй тууралт гарч, өндөр халуурдаг. Улмаар хүндрэл үүсэх магадлал өндөр учраас эцэг эхчүүд бага насны хүүхдээ энэ өвчнөөс урьдчилан сэргийлэхэд анхаарах хэрэгтэй. Мөн цусан суулгын халдвар гарч байна. Хагас жилийн байдлаар 490 гаруй хүн цусан суулгын халдвар авчээ. Мөн бороо их орж буй нь үерийн гамшиг үүсэх эрсдэлийг нэмэгдүүлж, улмаар гэдэсний халдварт өвчин гарах хүчин зүйлийн нэг болж байна. Түүнээс гадна ард иргэд хүнсээ зөв сонгох хэрэгтэй. Хүнсний бүтээгдэхүүний сонголтыг буруу хийснээс болж хадгалалтын горим алдагддаг. Хөдөө амрахдаа, зун олон хоног зусланд гарахдаа хүнсээ зөв сонгох нь хамгийн чухал алхам юм. Ундны усны чанар аюулгүй байдал алдагдсанаас гэдэсний халдвар их бүртгэгддэг. Ялангуяа бохирлогдсон ундны ус хэрэглэсэнтэй холбоотой өвчлөл үүсдэг. Амралт, зугаалгаар явахдаа гол мөрний усыг түүхийгээр нь шууд хэрэглэж болохгүй. Усыг зайлшгүй буцалгаж хэрэглэхийг зөвлөе. Цэвэр, аюулгүй усыг хүнсэндээ хэрэглээрэй. Зарим иргэн хөдөө явахдаа үр хүүхдийнхээ гарыг битгий хэл өөрсдийнхөө гарыг ч угаахгүй байна. Улмаар ариун цэврийн дэглэм алдагддаг. Түүнчлэн түүхий хүнсний бүтээгдэхүүнийг болсон бүтээгдэхүүнтэй хамт хадгалж, нэг хутгаар хэрчээд хэрэглэдэг. Магадгүй түүхий бүтээгдэхүүнээ эхлээд хэрчсэн бол дараа нь тухайн хутга, махны модыг зайлшгүй угаахыг зөвлөе. Учир нь түүхий бүтээгдэхүүнд нянгийн бохирдол асар өндөр байдаг. Хэрэв түүхий хүнсний бүтээгдэхүүнийг болсон хүнсний бүтээгдэхүүнтэй хамт хадгалж, хэрчиж хэрэглэвэл түүхий хүнсний бүтээгдэхүүнээс хордлого авах магадлалтай. Энэ хоёр бүтээгдэхүүнийг салгаж хадгалах дадлыг хэвшүүлэх шаардлагатай байна” гэв.
Мөн тэрбээр гэдэсний
халдвар бохир гараар дамждаг. Бохирдсон хоол хүнс, усаар дамжин
халдварлана. Хүүхэд гэдэсний халдвараар өвдөж байна гэдэг тухайн хүнсийг хүүхдийн
аманд хийж байгаа эцэг эх, асран хамгаалагчтай шууд холбоотой. Гар хэзээ
бохирдоно тэр бүртээ угааж хэвших нь өвчнөөс сэргийлэх
хамгийн гол зарчим. Ингэснээр гэдэсний халдварт өвчнөөс сэргийлэх
бүрэн боломжтой гэдгийг дурдав.