Төрийн айлчлалын хүрээнд Бүгд Найрамдах Киргиз Улс Монгол Улсад ЭСЯ-аа нээж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
192@montsame.mn
2023-07-09 16:21:04

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч С.Н.Жапаров манай улсад төрийн айлчлал хийж байна.


Төрийн айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Киргиз Улсын Ерөнхийлөгч С.Н.Жапаровтай албан ёсны хэлэлцээ хийж, хоёр орны хооронд харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, улс төрийн харилцан итгэлцэл, харилцааны эрх зүйн үндсийг бэхжүүлж, бүс нутаг болон олон талт хамтын ажиллагааг идэвхжүүлэх талаар ярилцлаа.


Хэлэлцээрийн үр дүнгийн талаар Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч С.Н.Жапаров нар хамтарсан мэдээлэл хийв.


Энэ удаагийн айлчлал хоёр улсын ард түмний найрамдал, нөхөрлөл, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд түлхэц үзүүлж, харилцаа, хамтын ажиллагааг ирэх 30 жилд хөгжүүлэх хэтийн төлөв, чиг хандлагыг тодорхойлсон түүхэн айлчлал болж байгааг  Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тэмдэглэлээ.


Ерөнхийлөгч С.Н.Жапаров албан ёсны хэлэлцээ найрсаг, харилцан итгэлцсэн, ажил хэрэгч уур амьсгалд болж, улс төр, аюулгүй байдал, худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техник, соёл болон хүмүүнлэгийн хамтын ажиллагааны талаар санал солилцсоноо онцлов.


Монгол Улс 2019 онд Бишкек хотноо Элчин сайдын яамаа, Бүгд Найрамдах Киргиз Улс Элчин сайдын яамаа энэ удаагийн төрийн айлчлалын үеэр Улаанбаатар хотноо нээж буй нь хоёр улс харилцаа, хамтын ажиллагаагаа идэвхжүүлэн өргөжүүлэх чин хүсэл эрмэлзэлтэй байгаагийн тод илэрхийлэл гэдгийг төрийн тэргүүн нар тэмдэглэв.


Мөн талууд энх тайван, тогтвортой, аюулгүй байдалд заналхийлж буй шинэ болон уламжлалт сорилт, заналхийллийг хамтран эсэргүүцэж, терроризм, экстремизм, мансууруулах бодисын хууль бус эргэлт, хууль бус зэвсгийн худалдаа, хил дамнасан гэмт хэрэг, цахим гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр идэвхтэй хамтрах  эрмэлзэлтэй байгаагаа нотлон илэрхийллээ.


Түүнчлэн харилцан итгэлцэл, хүндэтгэл, эрх тэгш, харилцан ашигтай, бүх талын хамтын ажиллагааны үзэл санааны үндсэн дээр харилцан сонирхсон асуудлаар харилцан дэмжлэг үзүүлэхээ хоёр улсын Ерөнхийлөгч нотлов.


Хоёр улс НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээнд бие биеэ идэвхтэй дэмжиж, бүс нутаг болон дэлхий дахинд энх тайван, тогтвортой, аюулгүй байдлыг бэхжүүлэхэд хувь нэмэр оруулахаа илэрхийлэв.


Хоёр улсын ард түмэн олон зуун жилийн түүх, соёлын гүн хэлхээ холбоотойг тэмдэглэж, харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх өргөн боломж, улс төрийн хүсэл эрмэлзэл дүүрэн байгааг нотлов.


Албан ёсны хэлэлцээ, харилцан тохиролцсон зүйлс харилцаа, хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргана гэдэгт итгэлтэй байгаагаа төрийн тэргүүн нар илэрхийлэв.


Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч С.Н.Жапаров халуун дотноор хүлээн авсан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх болон Монголын ард түмэнд талархал илэрхийлэв.


相关新闻