"Соёлын наадам"-д ӨМӨЗО-ы Ордосын Отог хошууны хамтлаг тоглолтоо толилуулав
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. СУИС, “Монголын Урлагийн Зөвлөл” ТББ нь "Рио Тинто Монгол” ХХК-ийн дэмжлэгтэй 15 дахь жилдээ зохион байгуулж буй "Соёлын наадам" Хүй долоон худагт үргэлжилж байна.
"Соёлын наадам"-ыг 2008 оноос зохион байгуулж, 2015 оноос Үндэсний их баяр наадмын хөтөлбөрт албан ёсоор багтаж, өдгөө Монголчуудын хүсэн хүлээдэг наадам болсон билээ.
Наадмын хүрээнд ЮНЕСКО-гийн соёлын биет бус өвийн яаралтай хамгаалах төлөөллийн жагсаалтад бүртгэгдсэн уртын дуу, богино дуу, морин хуур, бий биелгээ, хөөмий, Монгол тууль гэх мэт язгуур урлагийн төрлөөр дэглэсэн “Монгол эрдэнэ” ардын урлагийн тоглолтуудаас гадна ӨМӨЗО-ы Ордос хотын Отог хошууны 23 хүний бүрэлдэхүүнтэй “Алтан жигжуухай” хамтлаг ая дуугаа өргөсөн нь онцлог байлаа.
Тус хамтлаг дэлдүүр хөгжим болон ёочин, бишгүүр, хуучир, шанз зэрэг хөгжмүүдээр тоглосноос гадна Хадаг /ерөөлийн бүжиг/, Мөндөчлөл /мэндчилэн угтах бүжиг/, Хархорин /Ар Монголд зориулан бичсэн дууг сонордуулав.
Маргааш 10.00 цагаас эхлэн “Соёлын наадам”-аар “Морьтны гайхамшиг” шоу үзүүлбэр, язгуур урлагийн тоглолтууд болон монгол түмний нэгдмэл үнэт зүйлсийг агуулсан “Монголын нэг өдөр-Соёлын отог” асруудаар аялах боломжтой.
