МУАЖ П.Цэрэндагва: Монгол наадам сайхан болдог ёсоороо л маш сайхан болж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
uranatuya@gmail.com
2023-07-12 14:53:38

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголчуудын бахархал, Монголын урлагийн сод сор нь болсон гэр бүлийн жүжигчид Монгол Улсын Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар П.Цэрэндагва, Монгол Улсын Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар Д.Мэндбаяр нар Үндэсний их баяр наадмаа үзэж сонирхон, наадамлаж явахад нь сэтгэгдлийг нь сонслоо. 


Хөдөлмөрийн баатар, Монгол Улсын ардын жүжигчин П.Цэрэндагва: 

-Та хоёртоо баяр наадмын мэндийг хүргэе. Монголчууд жил ирэх тусам наадамдаа ихээхэн ач холбогдол өгч, илүү их өргөн тэмдэглэдэг болсон байна. Энэ жилийн наадмын өнгө төрх таны хувьд ямар байна? Сэтгэгдлээ хуваалцана уу. 

- Нийт Монгол ахан дүүстээ бидний бахархал, омогшил болсон их баяр наадмын мэндийг дэвшүүлье. Жил жилийн наадам өнгөтэй сайхан болдог. Энэ бидний Үндэсний дархлаа учир бид бүгдээрээ маш их бахархалтайгаар баяраа тэмдэглэх учиртай. Үүнийгээ үе үедээ ухамсарлаж наадамласаар ихсэн. Ер нь улам л цэгцтэй сайхан болдог болсон байна. Монгол түмэн маань сайхан, эмх цэгцтэй наадамлахыг л хүсдэг. Наадам сайхан болдог ёсоороо л сайхан болж байна. Сайхан наадаарай.

 

Хөдөлмөрийн баатар, Монгол Улсын Ардын жүжигчин Д.Мэндбаяр:

-Үндэсний их баяр наадмынхаа өмнө Хөдөлмөрийн баатар цол хүртсэн танд халуун баяр хүргэе. Та сайхан наадаж байна уу?

-Их баяр наадмын энэ талбай дээрээ ирэхэд монголчууд маань маш их өнгөлөг гоё харагддаг. Зурагтаараа харахад ч ямар сайхан байдаг билээ. Нээлтийг харж бид хоёул сэтгэл хөдөлсөн. Сайхан болж. Уран бүтээлч хүний хувьд ярихад, залуу үедээ итгэл өгвөл тэд маань наадмыг маш өндөр түвшинд сайхан тэмдэглэж чаддаг гэдгийг хараад сэтгэл маш их өндөр байна. Одоо биднийг байгаа дээр залгамж болоод ийм сайхнаар баяр наадмаа хийгээд, хийлцээд явж байгаа залуучуудаараа бахархаж байна. Хийсэн бүтээсэн ажлаа нийт монголчууддаа нэгэн зэрэг шалгуулж байгаа л гэсэн үг шүү дээ.


Бидний залуу үед ч наадмыг нүсэр хийдэг байсан. Одооны залуус нялхаараа байхад бид мөн л наадмаа хийх гээд цаг наргүй зүтгэж, хамаг чадлаараа л ажилладаг байлаа.  Одоо цаг үе өөр болсон. Илүү их амгалан сайхан орчинд, сайхан цагт ажиллаж амьдарч, хийж бүтээж байгаа нь аз юм. Соёлтой, боловсон, чадалтай, чадвартай залуус олон болсныг наадмаараа харах сайхан байна. Ингээд Монгол түмэндээ сайн сайхны дээдийг ерөөж, дүүрэн билэгтэй сайхан наадахыг хүсье.  

相关新闻