Хорхе Сэйд: Баримтат киноны хамгийн гоё анги нь Монгол орны тухай байх болов уу
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тулгар төрийн 2232 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 817 жил, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112 жил, Ардын хувьсгалын 102 жилийн ойн Үндэсний их баяр наадам хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
Монгол Улсын Засгийн газраас зарласан “Монголд зочлох жил”-ийн хүрээнд энэ жилийн Үндэсний их баяр наадмыг сурвалжлахаар гадаадын олон сэтгүүлч, зураглаач, зурагчид манай улсад ирсэн. Тэдний нэг Чили улсаас ирсэн History channel-ын “EL Peregrino” цуврал баримтат нэвтрүүлгийн найруулагч Хорхе Сэйдээс дараах асуултад хариулт авав.
-Монголд өмнө нь ирж
байв уу. Энэ удаа манай оронд ирсэн зорилгоосоо хуваалцана уу?
-Таван жилийн өмнө Монголд анх ирж байлаа. Тухайн үед Хөвсгөлийн их тайга, Баян-Өлгий аймгийн Алтай Таван Богд болон говийн нутгаар явж баримтат кино хийсэн. Энэ удаа наадмын тухай баримтат кино хийхээр ирээд байна.
-Дэлхийд ганц монгол наадмыг үзэхэд таны сэтгэлийг хамгийн их татсан зүйл юу байна вэ?
-Монгол орон хэдийгээр ОХУ, БНХАУ хоёр их гүрний дунд оршин тогтнож олон улсын харилцаанаас алслагдсан ч гэсэн үндэсний баяр наадмаа ийнхүү өргөн дэлгэр тэмдэглэж байгаа нь сайхан санагдаж байна. Дэлхий ертөнц маш хурдацтай өөрчлөгдөж байна. Энэ цаг үед дэлхийгээ хэрхэн аврах вэ гэдэг хариулт монголчуудад байгаа юм шиг санагдлаа. Учир нь монгол хүмүүс байгаль дэлхийтэйгээ ойр, байгаль дэлхийгээ дээдэлдэг ард түмэн шүү дээ.
-Манай монголчууд
баярынхаа энэ өдөр үндэсний дээл хувцсаараа гоёдог. Та бас монгол малгай, цамц өмссөн
байгаа тань сайхан харагдаж байна?
-Ирэх 9 дүгээр сард цуврал баримтат киноны маань сүүлийн анги гарна. Тухайн анги нь Монголын тухай байх юм. Тиймээс энэ сайхан нутагт, баяр наадмынх нь үеэр ирсэн учраас монгол малгай, цамц худалдан авсан. Хорин ангит баримтат киноны сүүлийн анги нь Монгол орны тухай бөгөөд хамгийн гоё анги нь байх болов уу.
-Энэхүү киногоороо
дамжуулан дэлхий дахинд Монгол орныг хэрхэн сурталчлах вэ?
-Манай суваг History channel хэмээх Латин Америк даяар гардаг. Ихэвчлэн байгаль, соёл, түүхийн чиглэлээр нэвтрүүлэг бэлтгэдэг учир Монголын тухай аль болох сайхнаар харуулахыг хичээж байна. Монгол орон маш сайхан байгаль, өргөн уудам нутагтай нь гадны хүмүүсийн сэтгэлийг татдаг.
-Цуврал киноныхоо зураг авалтыг хэчнээн орноор явж хийж байгаа вэ?
-Хятадаас шууд наашаа ирсэн. Монголд ирэхэд маш нээлттэй, жуулчдыг сайхан хүлээж авч байна. Цааш Афганистан, Пакистан явна. Тэгэхэд виз бөглөж байгаа нь хүндрэлтэй байгаа. Харин Монголд визгүй орж ирсэн. Киноныхоо зургийг авахад монголчууд найрсаг, маш сайхан хүлээж авч байгаа нь таалагдлаа. Одоо Архангай, Хөвсгөл аймаг явах төлөвлөгөөтэй байна. Тэгээд энэ сарын 23-нд буцна.