Свен Карлссон: Монгол соёлыг мэдэрье гэвэл наадмыг нь үзэх хэрэгтэй юм байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхийд ганцхан монгол наадмыг үзэхээр ирэх жуулчдын тоо сүүлийн жилүүдэд нэмэгдсээр байна. Наадмыг зорин Швед улсаас ирсэн, бизнесийн зөвлөх Свен Карлссоноос сэтгэгдлийг нь сонсов. Тэрбээр найз, гэр бүлийнхээ хамтаар дөрвүүлээ иржээ.
-Та бүхэн Монголд хэд
дэх удаагаа ирж байна вэ. Монгол наадмын үеэр ирж таарав уу, зорьж тааруулав уу. Сэтгэгдлээсээ хуваалцана уу?
-Монголд өмнө нь хэд хэдэн удаа бизнесийн ажлаар ирж байсан. Харин энэ удаа ирэхдээ наадмын нээлтийг өчигдөр анх удаа үзлээ. Үнэхээр сайхан санагдсан. Өнөөдөр хурдан морины уралдааныг үзсэн. Монгол наадам бол монголчуудын соёлыг илэрхийлдэг юм байна. Монгол соёлыг мэдэрье гэвэл наадмыг нь үзэх хэрэгтэй юм байна гэж бодогдсон.
-Манай монголчууд үндэсний баяраараа дээлээр гангардаг. Та бүхэн ч гэсэн монгол дээл өмссөн байгаа нь сайхан харагдаж байна. Дээл өмсөхөд хэр санагдаж байна вэ, биед эвтэйхэн байна уу?
-Бид дээл өмсөхдөө анх эргэлзэж байсан. Монгол хувцсыг нь өмсөөд явж байвал ард иргэд нь буруу ойлгох вий хэмээн эмээсэн л дээ. Харин дээл өмссөний дараа Монголын ард түмний нэг болсон мэт сайхан мэдрэмж төрсөн.
-Монголчууд цагаан сараар бууз,
наадмаар хуушуур иддэг гэхчлэн хоолны соёлтой ард түмэн. Монгол хоолноос ямар хоол хамгийн их таалагдав?
-Миний хувьд хуушуур маш их таалагдсан. Бусад маань ч бас санал нэгдэж байна. Харин найзад маань хонины шарсан толгой маш их таалагдсан.
-Та өмнө нь бизнесийн шалтгаанаар Монголд ирж байсан гэлээ. Монголчуудтай ажиллахад хэр байдаг вэ?
-Миний хувьд “Ази фарм” эмийн компанид зөвлөх үйлчилгээ өгч ажилласан. Монголчуудын соёл, ард иргэдийнх нь хичээл зүтгэл, тэвчээртэй байдал, аливаа зүйлийг даван туулах ур чадвар сайтай нь таалагддаг. Монголд ирж ажиллаж байгаа шалтгаан гэвэл хөгжиж буй орнуудын байгууллагыг дараагийн шатанд гарахад нь туслах зорилготой. Монголчууд эх түүхээсээ сурч, олж авсан зүйлээ өөрсдийн тэвчээр, хичээл зүтгэлээр илүү үр бүтээмжтэй гаргахын тулд хичээж чаддаг хүмүүс гэдэг нь “Ази фарм” компанийн ажилтнуудаас харагддаг. Тиймээс тэр хэмжээний зүйлийг Монголын ард түмнээс харж байгаадаа баяртай байна.