Өвчилсөн малын мах худалдахыг завджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-09-14 12:47:33

Хонины гоц халдварт цэцэг өвчний голомт үүсч, хорио цээрийн дэглэм тогтоосон  бүс нутгаас нэгэн малчин хонь нядалж аймгийн төвд худалдах гэж байгаад хяналтын постынхонд саатуулагдсаныг аймгийн Мэргэжлийн хяналтын газраас мэдээллээ. Нядалсан мал нь эрүүл бус гоц халдварт цэцэг өвчнөөр өвчилж тусгайлан ялгасан хонинууд  байжээ.

Энэ үйлдлээрээ тухайн малчин Монгол улсын Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хуулийн 14.1.3 буюу хорио цээрийн дэглэм биелүүлэх , уг махыг тээвэрлэсэн жолооч нь Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх тухай хуулийн 8.2 буюу мал, махыг ариун цэвэр гарал үүслийн гэрчилгээтэй тээвэрлэх гэсэн заалтуудыг зөрчсөн байна. Хууль зөрчсөн эл үйлдэлд нь торгуулийн шийтгэл ногдуулж, ачиж явсан 5 хонины махыг нүхэнд булж устган ариутгал халдваргүйжүүлэлт хийжээ.  

Сайнцагаан сумын Үйзэн багийн нутаг дэвсгэрт хонины цэцэг өвчин гарсаны улмаас  хорио цээрийн дэглэмийг өнгөрөгч сарын 24-нөөс эхлэн тогтоож, өнгөрсөн долоо хоногт хугацааг дахин 21 хоногоор сунгаад байгаа юм. Тиймээс хорио цээрийн дэглэм цуцлагдаагүй үед өвчлөлд өртөөгүй ч гэсэн голомтын бүсээс хонины мах гаргаж худалдахгүй байхыг Мэргэжлийн хяналтын газраас малчдад анхааруулж байна. Мөн хонины цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинд хамрагдсан, эрүүл бүс дэхь хонийг вакцин хийлгэсэн өдрөөс хойш  21 хоногийн дараа худалдан борлуулахыг сануулж байна.

Т. Отгонтуяа

 

 

相关新闻