ДАРХАН-УУЛ: Иргэдийн хуулийн мэдлэгийг “Хууль, тогтоомж сурталчлах төв”-өөр дамжуулан нэмэгдүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2023-08-03 16:42:23

Дархан /МОНЦАМЭ/. Дархан-Уул аймгийн ИТХ-ын дэргэд хууль тогтоомж сурталчлах төвийг байгуулж нээлтээ хийлээ. Уг төвийг Баянхонгор, Өвөрхангай аймгуудад байгуулсан бол гурав дахь төв нь ийнхүү Дархан хотод байгуулагдлаа.


Энэхүү төв нь Монгол Улсын Их Хурлын үйл ажиллагааг сурталчлах, иргэдэд хууль, эрх зүйн мэдлэг олгох, хууль тогтоомжийг сурталчлах зорилготой аж.


Мөн ЕБС-ийн сурагчид, их, дээд сургуулийн оюутан, залууст зориулсан Парламентын боловсролын хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлэх зорилтын хүрээнд аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын дэргэд үйл ажиллагаагаа явуулах ажээ.


Уг төвийг Улсын Их Хурлын тамгын газар, Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Дархан-Уул аймгийн ИТХ, Швейцарын хөгжлийн агентлаг хамтран байгуулсан бөгөөд энэ үеэр УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан, Дархан-Уул аймгийн ИТХ-ын дарга С.Насанбат нар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.


Уг төв байгуулагдсанаар иргэд УИХ-аас батлагдсан хууль, тогтоомжтой танилцах боломж нэмэгдэж, хууль тогтоох үйл явцад оролцох иргэдийн оролцоо сайжирч, саналаа илэрхийлэх, хууль тогтоомжтой холбоотой сэдвээр төрөл бүрийн сургалт сурталчилгааны ажилд оролцох боломж бий болох ажээ.

相关新闻