Судлаач Р.Отгонбаатар “Бичиг ном, түүний эд өлөг” цуглуулгын үзэсгэлэнгээ дэлгэжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Үндэсний бичиг үсгийн баяр-2023”-ын хүрээнд зохион байгуулж буй хэл бичгийн эрдэмтэн судлаач, цуглуулагч Р.Отгонбаатар “Бичиг ном, түүний эд өлөг” цуглуулгын үзэсгэлэнгээ Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд өнөөдөр нээлээ.
Тус үзэсгэлэнд тэрбээр монголчуудын мянгаад жилийн бичиг номын түүхтэй холбогдох ховор ном судар, бичгийн хэрэгслийн хувийн баялаг цуглуулгаасаа дэлгэн үзүүлж буй юм. Мөн монгол бичиг үсгийн түүхэн төлвийг тоймчлон бичгийн эд өлгийн дурсгалын хамтад үзүүлсний зэрэгцээ гол төлөв монгол зурагт ном судрын жишээг түшиглэн, монгол модон барын ном хэвлэлийн хэсгийг онцлон дэглэжээ. Бар дармал зурагт номуудын гар зурмал, бичмэл хувилбарыг ч харьцуулан ажиглахад зориулж хэд хэдэн номын хэсгээс жишээлэн үзүүлж байна.
Энэхүү үзэсгэлэнгээс үйсэн дээр бичсэн ном, бичгийн иж бүрдэл, самбар, бичгийн мод, төвөд бичмэл монгол дармал, бар, түүний багаж, тамга хашлага, тийз тэмдэг, алт, мөнгө, эрдэнэсээр бичсэн ном, хялгасан бийр, хулсан үзэг зэрэг монголчуудын эрт үед хэрэглэж байсан ном бичгийн хэрэгслийг үзэх боломжтой.
Үзэсгэлэнгийн үеэр түүнтэй уулзаж, дараах асуултад хариулт авав.
-Та мэргэжил, мэдлэг, дур сонирхлынхоо дагуу
монгол бичгийн хэрэгсэл, монгол ховор ном судрын арвин баялаг үнэт өвүүдийг
цуглуулан өв соёлоо сурталчилж буй хүний хувьд энэ удаагийн үзэсгэлэнгийн
тань онцлог нь юу вэ?
-Энэ удаа бичиг үсэг, бичгийн хэрэгслийн түүхийг харуулсан үзэсгэлэнгээ гаргаж байна. Номын хуудсыг нарийн тоолбол хэдэн зуун нэгж болох байх. Гол агуулга нь зурагт ном судар, түүн дотор монгол модон барын зурагтай номыг голлон үзүүлэхийг зорилоо. Өмнөх үзэсгэлэнгүүдэд бичиг үсэг, ном хэвлэл, түүний эд хэрэглэлийг дэлгэж байсан. Энэ удаагийнх зурагтай номоор голлож байна.
-Эртний бичиг үсгийн соёлтой холбоотой
нэн ховор төрлийн цуглуулгаа хэзээнээс эхлэв?
-1973 онд оюутан болоод цуглуулж эхэлсэн. Тухайн үед хуучин монгол бичиг, төвөд хэл бичиг үзэж эхлэхэд түүнийг юугаар бичдэг, бүтээдэг, хэрхэн барладаг байсныг мэддэггүй байсан. Тэгээд ном бичиг хэрэгсэл цуглуулж эхэлснээр өөрийн лавтай мэдлэгтэй болно. Багш, ахмад, өвөг дээдэс хэлж өгсөн ч харж байгаагүй, хэрэглэж үзээгүй болохоор ухаардаггүй байлаа. Тиймээс тэдгээрийг цуглуулж, хэрэглэж үзэж байгаад оролдоод байхаар мэдлэгтэй болно.
-1973 оноос хойш цуглуулж байгаа гэхээр таны цуглуулга арвин баялаг болсон нь дамжиггүй. Цуглуулгын сангаа хэрхэн
баяжуулдаг вэ?
-Бараг хагас зуун жил цуглуулж байна. Эхэндээ бичиг ном, түүний эд хэрэгслийг юугаар, яаж хийдэг юм бол гэж сонирхож байсан бол сүүлдээ төрөлжүүлэх, баяжуулах хэрэгтэй юм байна гээд иж бүрэн цуглуулга хийж эхэлсэн.
-Таны цуглуулгад хамгийн ховор ямар эд өлгийн өв болон судар ном, бичээс байна вэ?
-Онцлох дурсгал гэвэл модон барын зурагт ном судруудыг дурдаж болно.
-Тэгвэл хамгийн эрт үеийн бичгийн дурсгалыг нэрлэвэл?
-Номын бичгийн дурсгал гэвэл 1200 оны сүүлч, 1300 оны эхэн үеийн номын тасарсан хэсгийг олж авсан нь хамгийн эрт үеийн дурсгал болох байх. Гадны зах зээлээс олон жилийн өмнө нэлээн өндөр үнэтэй худалдан авсан.
-Таныг бичиг номын хэрэгслээс гадна цоож цуглуулдаг гэж
мэдэх юм?
-Хүүхэд байхдаа саваагүйтэн цоож, түлхүүр цуглуулж байсан. Нэг хүн нэг хоёр төрөлжсөн цуглуулга хийвэл зүгээр юм болов уу. Надаас өөр бяртай, хөрөнгөтэй, авхаалжтай хүн бол хэдэн ч цуглуулга хийж болно. Ер нь чанартай, иж бүрдэл аль болох цөөн цуглуулга хийвэл зүгээр гэж боддог доо.
-Таны цуглуулга
хүүхэд залууст өв соёлоо таниулахад чухал үүрэг гүйцэтгэж байна л даа?
-Монголчуудын ном бичгийн хэрэгсэл ард түмний бүтээсэн олон жилийн түүхтэй үнэтэй өв соёлын хэсэг шүү дээ. Үүнийг манай хойч үе мэддэг, бахархдаг бол сайн. Мөн баяжуулдаг, учрыг нь мэддэг залуус олон болох тусмаа сайн. Манай улсын музейнүүдэд бичиг номын иж бүрэн цуглуулга бараг байхгүй, жижиг буланд цөөн дурсгал тавьсан байдаг нь иж бүрдэлтэй биш. Өөрийн мэргэжил, мэдлэгт тохируулан иж бүрэн цуглуулга хийхийг оролдсон. Миний энэ цуглуулга төгөлдөр, тансаг баян биш боловч хаана ч гологдохгүй. Учир нь Монголын онцлогтой болохоор гадаадад тэр бүр байхгүй. Би гадны бичгийн хэрэгсэл ерөөсөө цуглуулдаггүй. Зөвхөн Монголын нутагт, монгол урчуудын хийсэн бүтээл, мөн Буриад, Өвөрмонгол, Ойрад, Халимаг гэхчлэн монгол туургатны хийсэн ажлыг хамруулахыг зорьдог. Гэхдээ алс холын бичгийн хэрэгслүүд харьцангуй бага бий.
Тэрбээр Монгол модон барын номын эх гарчиг, Монгол бичиг үсгийн дээж, Дөрвөлжин үсгийн тухай дөрвөн зүйл, Итгэл номын монгол соёл уламжлал, Монгол зурагт модон барын ном хэвлэл зэрэг хэд хэдэн эмхэтгэл, олон өгүүлэл гадаад, дотоодод хэвлүүлжээ. Энэхүү үзэсгэлэнгээ сарын турш олны хүртээл болгоно.







