Д.Сумъяабазар: Монгол өв соёл нь бидний ондоошлыг бий болгох, бахархлыг бүтээх хэлбэр
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголчуудын өв соёлын “Даншиг наадам-Хүрээ цам 2023”-ын үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар хэвлэлийнхэнд ярилцлага өглөө.
- Энэ жилийн наадмын
өнгийг та юу гэж хэлэх вэ, онцлогийг нь дурдвал?
-Бид түүх, өв соёл, үнэт зүйлээ хадгалж, түгээж, өвлүүлэх нь нэн чухал. Учир нь дэлхий даяаршиж буй орчин цагт монгол хүний онцлог, бид юугаараа өөр, онцгойг үүгээр тодорхойлно. Тэр утгаараа монголчууд эзэн Чингисийн үед ч, бага хаадын үед ч, хожмоо ч өргөн дэлгэр тэмдэглэж ирсэн Даншиг наадмыг шашин, соёлын том ёслол болох хүрээ цамтай хослуулан 7 дахь жилдээ зохион байгуулж байна. Уламжлал шинэчлэлийг хослуулдаг нь энэ наадмын онцлог. Энэ “Нүүдэлчдийн нийслэл” уриан дор хилийн чанадаас эрдэмтэд, уран бүтээлч, бөхчүүд, харваачид, бидний сайн мэдэх Халимагийн нэрт туульч, дуучин О.Цагаанзам тэргүүтэй уран бүтээлчид хүрэлцэн ирлээ. Тэгэхээр өв соёл, уламжлал, түүхийг сурталчлах, түгээх, таниулах чухал үйл явдал юм.
-Жуулчид их иржээ. Монголыг сурталчлахад энэ наадмын ач холбогдлын талаар ярина уу?
-Засгийн газраас 2023 оныг “Монголд зочлох жил” болгон зарласан. “Даншиг наадам-Хүрээ цам 2023” ч үүнтэй уялдаж байгаа. Өөрийн гэсэн онцлогтой, үзэх харах зүйлтэй энэ наадмыг уламжлал болгон зохион байгуулна гэдэг жуулчдыг татах, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжихэд ач холбогдолтой. Иймд Буриад, Өвөр Монгол, Халимаг, Тува, Дээд Монголоос зочид, төлөөлөгчид, уран бүтээлчид, эрдэмтэн судлаачид ирсэн. Бөхийн барилдаан гэхэд гурван төрлөөр болно. Шашин, соёл, уламжлалын өвөрмөц онцлогийг харуулсан тоглолт, уралдаан, гэрэл зургийн үзэсгэлэн, эрдэм шинжилгээний хурал, морьт харваа гэхчлэн зөвхөн жуулчдад төдийгүй нийслэлчүүдэд сонирхолтой олон үйл ажиллагаа болж байгаа.
-“Нүүдэлчдийн нийслэл” гэдэг уриа их содон байна. Энэ талаар тайлбарлахгүй юу?
-Улаанбаатар хот өөрийнхөөрөө хөгжиж, өргөжин тэлж байна. Тулгамдсан асуудлууд бий. Үүнийг шийдэх, цаашид хотоо дэлхийн хотуудын адил хөгжүүлэхийн төлөө байхын зэрэгцээ өв соёлоо хадгалах, түгээн дэлгэрүүлэх, хойч үедээ өвлүүлэх үүрэг бидэнд бий. Тэр утгаараа ч нүүдэлчдийн заншил, соёл, өвөө хадгалахын зэрэгцээ дэлхийтэй хөл нийлүүлэн хөгжих ёстой. Тиймээс Улаанбаатар хотоо олон улсад сурталчлах, соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх замаар жуулчдыг татах, өв уламжлалаа дэлгэрүүлэхээр “Даншиг наадам-Хүрээ цам”-ыг зохион байгуулж байна. Энэ нь бидний амин чанар, ондоошлыг бий болгох, өөрийн гэсэн түүх, бахархлыг бүтээх нэг арга хэлбэр юм.