ДАРХАН-УУЛ: Хараа гол үертэй хэвээр байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан /МОНЦАМЭ/. Долоодугаар сарын эхээр орсон үргэлжилсэн борооноос үүдэн Хараа голын усны түвшин нэмэгдсэн. Өнөөдрийн байдлаар үерийн аюултай байдлаас буурсан ч үертэй байгаа тул голын ай савд нутаглаж буй малчид, аялал зугаалгаар яваа иргэдийг болгоомжтой байхыг УЦУОША-аас анхааруулж байна.
Хараа голын усны түвшин нэмэгдсэн сар гаруй хугацаанд УЦУОША-аас тогтмол хэмжилт хийх, болзошгүй эрсдэлээс урьдчилан
сэргийлэх, сэрэмжлүүлэх мэдээллийг хүргэн ажиллаж иржээ. Өнөөдрийн байдлаар
усны хэмжээ 199 см байгаа аж.
Орхон сумын нутаг Бүрэнтолгой багийн Шар эсгийтийн тохой, Шарын гол, Хүйтний гол Тэмээ олом орчим гэсэн гурван газарт ус судлалын байнгын харуул ажиллаж мэдээлэл дамжуулдаг. Ойрын өдрүүдэд дуу, цахилгаантай хүчтэй аадар бороо орж байгаа тул гэнэтийн үер усны аюулаас болгоомжлох, уулын гуу, жалга дагуу зорчихгүй, буудаллахгүй, зусланд гарахгүй байх, зориулалтын гүүрэн гарцаар гарч эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.
Дархан сумын ЗДТГ, аймгийн ОБГ, Цагдаагийн газрын алба хаагчид голын эрэг дагуу амарч, зугаалж буй иргэдэд зөвлөмж тарааж байна. Бага насны хүүхдүүд хараа, хяналтгүй усанд орох тохиолдол их байгаа тул эцэг, эх, асран хамгаалагчдыг хүүхдэдээ тавих хяналтаа сайжруулахыг зөвлөлөө.