ДАРХАН-УУЛ: Нэгдүгээр ангийн элсэлтийн бүртгэл мягмар гарагт эхэлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2023-08-10 12:42:16

Дархан /МОНЦАМЭ/. Ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид элсэн орох сурагчдын бүртгэл ирэх долоо хоногийн мягмар гарагт эхэлнэ.


Аймгийн хэмжээнд 2022-2023 оны хичээлийн жилээс эхлэн сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг цахимаар бүртгэж, харьяаллын дагуу хуваарилалт хийгддэг болсон. Цахим бүртгэлтэй холбогдуулан Боловсролын ерөнхий газраас нэгдүгээр ангид элсэгчид бүртгэлд хэрхэн хамрагдах талаар заавар, мэдээлэл өглөө.


E-Mongolia.mn системд өөрийн бүртгэлээр нэвтэрч үйлчилгээ цэсээс "Боловсрол" цонхыг сонгох аж. Үүний дараа "Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангийн элсэлт, бүртгэл" үйлчилгээг сонгоно. Бүртгэл эхлэх өдөр үйлчилгээг олон нийтэд нээлттэй болгох тул урьдчилж нэвтрэх боломжгүй. Зааврын дагуу нэвтэрснээр дэлгэцэд таны сургуулийн насны хүүхдүүдийн мэдээлэл гарч ирэх бөгөөд сургуульд элсэх хүүхдийнхээ мэдээлэлтэй танилцаж, асуултыг зөв бөглөн үргэлжлүүлэх товч дарснаар таны хүүхдийн элсэлтийн төлөв харагдах ажээ.


Мэдээллээ дахин нягталж баталгаажуулах хэсгийн "Тийм" товч дарснаар таны хүсэлт амжилттай илгээгдэнэ.

Сургууль, цэцэрлэгийн бүртгэлийг цахим хэлбэрт шилжүүлснээр зөвхөн өөрийн амьдарч буй багийн нутаг дэвсгэр дэх ЕБС, СӨББ-д хүүхдээ хамруулж,  ачааллыг бууруулж, хүртээмжийг нэмэгдүүлж тэгш хамрагдах боломжийг бий болгож чаджээ. 

相关新闻