Монголчууд нүүдлийн соёл иргэншлээ улам төгөлдөржүүлэн авч үлдэх нь чухал байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олон улсын Монголч эрдэмтний XII их хурлын
“Монголын нийгэм, эдийн засаг, улс төр, хууль цааз” сэдэвт салбар хуралдаанд
ОХУ-ын монголч эрдэмтэн, ОХУ-ын ШУА-ийн Дорно дахин судлалын хүрээлэнгийн
салбарын эрхлэгч В.В.Грайворонский “Монгол Улсын уламжлалт нүүдлийн нийгэмд
100 жилд гарсан өөрчлөлт, шинэчлэлтийн шинэ үе” сэдвээр илтгэл тавин
хэлэлцүүлсэн юм.
Тэрбээр илтгэлдээ, ХХ зууны
эхэн үед Монголын хүн ам, эрдэмтэн судлаач Н.Майскийн хийсэн тооллогоор 640
мянга гаруй байсныг дурдаад, дээрх тооны хүн амын 70-80 гаруй хувийн амьдралын
хэв маяг нь нүүдлийн байсан. Тэгвэл 100 жилийн дараа монголчуудын амьдралын хэв
маягийг судалж харахад харьцаа нь эсрэгээрээ, бараг 60-70 орчим хувь нь суурин
соёлын хэв маягт шилжиж, үлдэх хувь нь нүүдлийн байгааг онцолсон
юм.
Түүний илтгэлд, “Өнгөрсөн 100 жилд Монгол Улсын хүн амын нүүдэлчин болон суурьшсан хүн амын тоо, түүний хоорондын харьцаа нь үндсээрээ өөрчлөгдөж ирсэн. Өнөө цагт ч өөрчлөгдсөөр байна. 1919-1920 онд Монгол Улсын нийт хүн амд хотын буюу суурьшсан хүн ам зөвхөн 9 хувийг эзэлж, хөдөөгийн буюу нүүдэлчин хүн ам 90-91 хувь байсан бол 100 жилийн дараа, 2020-2022 онд Монгол Улсын хүн амын дээрх хоёр бүлгийн хоорондын харьцаа 80:20 хувь болтол үндсээр өөрчлөгдөж ирсэн байна. Монголын малчид хуучин, бэлчээрийн мал аж ахуйн уламжлалт арга хэлбэрээс орчин үеийн шинэ, дэвшилт арга хэлбэрт аажмаар шилжин орох үйл явц цаашид ч үргэлжилсээр, ойрын үед дуусах болоогүй байна” гэжээ.
Тэрбээр, "монголчуудын аж амьдралын үндэс нь мал аж ахуй байгаа цагт, хөдөө аж ахуй Монгол Улсын эдийн засаг, нийгмийн нэг салбар болдгийн хувьд монголчууд нүүдлийн уламжлалт соёл иргэншлээ цаашдаа авч хадгалж үлдэх ч цаашид улам төгөлдөржөөд явах нь дамжиггүй. Гэхдээ Монгол Улсын хүн амын дийлэнх хувь нь хотод суурьших нь. Нэг ёсондоо монголчууд суурин соёл иргэншлийн нөхцөлд цаашаа хэрхэн хөл нийлүүлэн алхах вэ гэдэг чухал асуудал болон тавигдаж буй"-г тэрбээр илтгэлээрээ хөндсөн юм.