Ч.Наранбаатар: Спортын томоохон тэмцээн, уралдаан зохион байгуулах сайхан эхлэл тавилаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
oyundelger@montsame.gov.mn
2023-08-24 14:32:13

Улаанбаатар /МОНЦАМЭ/. МҮОХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч, “Улаанбаатар-2023” Зүүн Азийн залуучуудын наадамд оролцсон Монгол Улсын баг тамирчдын ахлагч Ч.Наранбаатартай уулзаж, наадмын зохион байгуулалт, ач холбогдлын талаар ярилцлаа.


-Монгол Улс анх удаа эх орондоо спортын томоохон наадам амжилттай зохион байгууллаа. Наадамд оролцсон Монгол Улсын баг тамирчдын ахлагчийн хувиар сэтгэгдлээ хуваалцана уу?

-Манай улсад түүхэн үйл явдал болж байна. Бид анх удаа "Улаанбаатар 2023" Зүүн Азийн залуучуудын наадмыг эх орондоо зохион байгуулж, бүс нутгийн Үндэсний олимпын 7 хорооны 800 гаруй тамирчин, 11 спортын 12 төрлөөр өрсөлдлөө. Монголын өсвөр залуу үеийнхэн эх орондоо спортоор дэлхийд тэргүүлэгч орнуудын тоонд зүй ёсоор ордог Зүүн Азийн БНХАУ, Япон, БНСУ зэрэг 7 орны шилдэг залуу тамирчидтай өрсөлдөж, харилцан суралцаж, нөхөрлөсөн гэдгээрээ ач холбогдолтой юм. Энэ наадамд хурд, хүч, авхаалж самбаагаа сорьсон залуу тамирчдаас ирээдүйн олимп, дэлхийн олон аварга, шилдэг тамирчид тодорно гэдэгт итгэл дүүрэн байна. Монголын өсвөр үеийнхэн, баг тамирчид энэ наадмаас их зүйлийг суралцлаа.

Түүнчлэн Монголд багийн спорт эрчимтэй хөгжиж байгааг “Улаанбаатар 2023” наадмын тэмцээн, уралдаанд өрсөлдсөн манай залуу тамирчид гаргасан амжилтаараа нотоллоо. Тухайлбал, 3х3 сагсанбөмбөг, хөлбөмбөг, волейбол, 5х5 сагсан бөмбөгийн төрөлд манай баг өндөр ур чадвартай тоглож, түүхэн амжилт тогтоолоо. Тэд Монголын олон мянган хүүхэд, залуусыг спортоор хичээллэх хүсэл тэмүүлэл, урам зоригийг бадраалаа.


-Монголын олон байгууллага, компаниийн тууштай дэмжлэг туслалцаа, хөдөлмөр, сэтгэлээр наадмыг амжилттай зохион байгууллаа. Цаашдаа ч олон том наадмыг эх орондоо зохион байгуулах болов уу?

-Тийм шүү. Улаанбаатар хотноо 8 дугаар сарын 16-23-нд зохион байгуулсан Зүүн Азийн залуучуудын наадмыг амжилттай зохион байгуулахад Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар, “Улаанбаатар Зүүн Азийн залуучуудын наадмын зохион байгуулах хороо”-ны дэд дарга, Нийслэлийн Засаг даргын орлогч З.Төмөртөмөө тэргүүтэй НЗДТГ-ын хамт олон, “Улаанбаатар-2023” Зүүн Азийн залуучуудын наадмын зохион байгуулах хороо ХК-ийн гүйцэтгэх захирал П.Буяндэлгэр, Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэ тэргүүтэй хамт олон, МҮОХ, БТСУХ зэрэг олон байгууллага, хүмүүсийн хамтын хөдөлмөр, зүтгэл шингэсэн. Мөн Зүүн Азийн залуучуудын наадмын 1200 гаруй сайн дурын ажилтан залуус энэ наадмыг амжилттай зохион байгуулах нөхцөл бий болгосонд чин сэтгэлийн талархал илэрхийлж байна.


-Олон улсын хэмжээний наадмыг анх удаа зохион байгуулахад бэрхшээлтэй зүйлс тохиолдсон байх, цаашид юунд анхаарах асуудал байв уу?

-Цаг агаараас болж “Улаанбаатар-2023” наадмын албан ёсны нээлт 24 цагаар хойшилж, 8 дугаар сарын 17-нд эхэлсэн. Улаанбаатар хот энэ наадмыг амжилттай өндөрлүүлснээр цаашдаа тив, дэлхийн хэмжээний наадмыг эх орондоо зохион байгуулах туршлага хуримтлуулж, спортын ертөнцөд дараагийн томоохон наадмуудыг хүлээж авах эхний үүд хаалгаа нээлээ. Бид эх орноо, нийслэл хотоо спортоор дамжуулж дэлхийн улс орнуудад сурталчиллаа. Түүнчлэн Улаанбаатарын наадамд оролцсон залуу тамирчид ирээдүйн тив дэлхий, олимпын аваргууд болох амжилтын гараагаа эхлүүлж, Монголын болон бүс нутгийн спортын түүхэнд тодоор бичигдлээ.


-“Улаанбаатар 2023” Зүүн Азийн залуучуудын наадмын зохион байгуулалтад ямар үнэлгээ өгч байгаа бол?

-Зүүн Азийн залуучуудын наадам спортын үндсэн 9-10 төрөлтэй байдаг. Харин наадам зохион байгуулах оронд 2-3 спортыг санал болгох боломж олгодог. Манай улс электрон спорт, чөлөөт бөх, боксын төрлийг санал болгосныг Зүүн Азийн олимпын хороодын зөвлөл дэмжсэн. Дүрмийн дагуу наадам зохион байгуулах улсын ҮОХ-ны тэргүүн Зүүн Азийн олимпын хороодын дэд ерөнхийлөгч байдаг. Иймд ЗАОХЗ-ийн хурлаар МҮОХ-ны ерөнхийлөгч Б.Баттүшигийг Зүүн Азийн олимпын хороодын дэд ерөнхийлөгчөөр, МҮОХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгчийн хувьд намайг Зүүн Азийн олимпын хороодын зөвлөлийн гишүүнээр сонгосон. “Улаанбаатар-2023” наадмын бэлтгэл ажил бүрэн дуусаж, анх удаа томоохон наадам амжилттай зохион байгуулсныг Зүүн Азийн олимпын хороодын зөвлөлөөс сайн гэж үнэлсэн. Сүхбаатарын талбайд болсон наадмын хаалтад оролцож үг хэлсэн Зүүн Азийн олимпын хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Вэй Дайшун: “ Энэ наадам Зүүн Азийн улс орон, бүс нутгийн залуучуудыг спортод улам хайртай болох сэдлийг бадраалаа. Монгол Улс спортын томоохон тэмцээн, уралдаан зохион байгуулах урт замдаа сайхан эхлэл тавилаа” хэмээн онцолсон байгаа. 

相关新闻