Н.Бат-Эрдэнэ дэлхийн аварга боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
n_sarchihg@yahoo.com
2023-09-11 12:54:22

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Киргизийн Бишкек хотод зохиогдож байгаа сонсголын бэрхшээлтэй иргэдийн Дэлхийн аварга шалгаруулах чөлөөт бөхийн тэмцээнд манай улсаас ОУХМ Ө.Ууганбаяр дасгалжуулагчийн удирдлага дор 4 тамирчин өрсөлдөж байна.


Тодруулбал, Өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчид гэсэн 3 насны ангилалаар зохион байгуулагдаж байгаа тус тэмцээнд эрэгтэйчүүдийн 65 кг-ын жинд Н.Эрхэмбаяр, 70 кг-д Д.Даваа-Очир, 74 кг-д Н.Бат-Эрдэнэ, 79 кг-ын жинд Ш.Батбаатар барилдаж байгаа юм. 


70 кг-ын жинд өрсөлдсөн Н.Бат-Эрдэнэ насанд хүрэгчид, залуучууд гэсэн 2 ангилалд хүч үзсэнээс залуучуудын 70 кг-ын жинд алтан медаль хүртлээ.


Тухайн жинд 5 тамирчин тойрч барилдсан бөгөөд Армен улсын тамирчинг цэвэр дарж, Туркийн тамирчинг 10:0 оноогоор цэвэр ялсан байна. Харин Казахстаны тамирчинтай 16:4-ын харьцаатай барилдаан дууссанаар финалд шалгарсан бол Ираны тамирчинтай аваргын төлөө барилдаж 10:0 оноогоор цэвэр ялснаар Н.Бат-Эрдэнэ залуучуудын дэлхийн аварга болжээ.

Сонирхуулахад, манай улсаас 2018 онд ОУХМ Н.Эрхэмбаяр залуучуудын дэлхийн аварга болж байсан бол 5 жилийн дараа Н.Бат-Эрдэнэ ийнхүү хоёр дахь дэлхийн аварга боллоо.

相关新闻