ДАРХАН-УУЛ: Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийг нээлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2023-09-14 15:38:27

Дархан /МОНЦАМЭ/. “Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв”-ийг өнөөдөр албан ёсоор нээлээ.


Нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Шадар сайд С.Амарсайхан, Сангийн сайд Б.Жавхлан, УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Э.Ганхүү болон орон нутгийн удирдлагууд оролцлоо.




Тус төв нь 2000 м.кв талбайтай, орчин үеийн шийдэл бүхий бүрэн автомат тоноглолтой бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй иргэн зорчиход ямар нэгэн саадгүй аж.




Энэхүү төв нь өдрийн үйлчилгээ үзүүлэх бөгөөд хөдөлгөөн засал, хөдөлмөр засал, хэл засал, сэтгэл зүй, сэргээн засах, эрүүл мэнд, боловсрол, нийгмийн бүх чиглэлийн үйлчилгээг үзүүлэх ажээ.




Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв нь нийт 30 хүний орон тоотой үйл ажиллагаагаа явуулна. Үүнд тус төвийн дарга, сэргээн засах, эмчилгээ үйлчилгээ үзүүлэх мэргэжлийн 16 ажилтан, захиргааны 12 ажилтан, үйлчлэгч зэрэг бүрэлдэхүүнтэй ажиллах ажээ.




Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нээлтийн үеэр хэлсэн үгэндээ: Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах, нийгмийн харилцаанд тэгш оролцох боломжийг хангах асуудал бол Засгийн газрын бодлогын төвд байдаг чухал асуудлуудын нэг” хэмээн онцолж, энэ чиглэлээр авч хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаагаа танилцуулан, цаашид тэдэнд чиглэсэн тодорхой шийдвэрүүдийг гаргана гэв.




Монгол Улсад 115 мянга гаруй хөгжлийн бэрхшээлтэй хүн байдаг. Үүний 67 хувь нь хөдөө, орон нутагт амьдардаг ажээ. Харин Дархан-Уул аймгийн хэмжээнд 5200 гаруй гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэн байдаг. 

相关新闻