СЭЛЭНГЭ: Х.Өрнөх: Австрали улс нийтийн болоод иргэний номын сангийн хүртээмж, хөгжлөөрөө дэлхийд тэргүүлдэг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2023-09-25 11:27:23

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Дэлхийн олон улсын номын сангийн үнэт зүйл, чиг хандлагаас суралцах. Орон нутгийн онцлогт тохирсон инновацыг тодорхойлох, хөгжүүлэх. Цаашлаад иргэн төвтэй номын сангийн үйл ажиллагаа руу шилжих шаардлага зүй ёсоор тулгарч байгааг Хил хязгааргүй номын сан төслийнхөн онцолж байв.   

 

Энэ талаар Австралийн ЭСЯ-ны хөгжлийн хөтөлбөр хариуцсан ахлах менежер Х.Өрнөхтэй ярилцлаа.

 

-Хөтөлбөрийнхөө зорилго, үр дүнгийн талаар хуваалцахгүй юу?

-Бид нэг жилийн хугацаанд 19 дэх аймагтаа энэ сургалтыг зохион байгуулж байна. Монгол Улсын 21 аймгийн нийтийн номын санг хамарсан номын санчдыг чадавхыг бэхжүүлэх сургалтыг өнгөрсөн оны 9 дүгээр сараас эхлэн зохион байгуулаад явж байна. Манай төслийн үйл ажиллагаа үндсэн 3 зорилготой.


-Нэгдүгээрт: Хил хязгааргүй номын сан төслийн баг 21 аймгийн нийтийн номын санг холбосон онлайн платформыг бий болгож байгаа юм. Энэ цахим платформ бий болсноор 21 аймгийн нийтийн номын сан, Улаанбаатар хотын дүүргүүдийн ном сан хоорондоо холбогдоод номын санчид өөрсдийнхөө мэргэжил, туршлагыг хуваалцах, мэдээлэл солилцох юм. Манай төсөл ирэх 10 дугаар сард дуусна. Иймээс бид энэ хугацаанд багтаагаад энэ платформыг бий болгоно.

 

-Хоёр дахь том зорилго нь олон улсын номын сангийн программууд байдаг. Тэр программуудад дижитал номын санг бий болгоход чухал хэрэгтэй үндэс нь болж өгдөг программууд байдаг. Эндээс нэг үлгэр жишээг нь сонгоод тэр программыг монгол хэл рүү орчуулж байгаа.


Энэ орчуулгын ажил тун удахгүй дуусна. Үүнийг орчуулах ач холбогдол нь мэдээж олон улсынх учраас хүн бүр ашиглах боломжгүй хязгаарлагдмал хүрээнд байх болно. Иймээс монгол хэл рүү орчуулж байгаа. Ингэсэн тохиолдолд заавал гадаад хэл, англи хэлний мэдлэг шаардахгүйгээр номын санчид маань өөрсдийнхөө ажилд нэвтрүүлээд хэрэглээд явах боломжтой юм.

 

-Гурав дахь зорилго нь номын санчдын мэдлэг, чадварыг дээшлүүлэх, чадавхыг бэхжүүлэх. Мөн аймгийн Нийтийн номын сангийн тэр дундаа хүүхдийн номын сангийн фондыг баяжуулах зорилгоор бид номын сан бүрд хүүхдийн ном хандивлаж байна.

 

-Мэдээж аливаа ажлын ард үр дүн чухал. Танай сургалтын үр дүн хэрхэн харагдаж байна?

-Ковид цар тахлын улмаас бараг 2 жил гаруйн хугацаанд ямар ч сургалт хөтөлбөр зогссон байсан. Ийм зүйлийн дараа хэрэгжээд номын санчдын чадвахыг дээшлүүлэх боломж олгож буйгаараа онцгой ач холбогдолтой, үр дүнтэй гэж харж байна.


Мөн сургалтад нийтийн номын сан гэхээсээ илүүтэй сумдын Соёлын төвийн номын санчид, ЕБС-ийн болон МСҮТ-ийн номын санчдыг оролцуулж байгаа. Энэ бол харьяалал харгалзахгүйгээр цуглараад мэдээлэл авч байгаагаараа мөн ач холбогдолтой болж байна.

Бид үйл ажиллагааныхаа явцад санал солилцоод явж байна. Номын санчид маань маш идэвхтэй хүлээн авч байна.


Аймгууд өөрсдийн давуу тал, онцлог шинжтэй. Энэ зүйлийг хоорондоо хуваалцахад энэ платформ их хувь нэмрээ оруулна гэж найдаж байгаа.


Номын сангийн салбар өөрөө маш том салбар. Аймгуудад онцлог хийгээд нийтлэг асуудлууд их байна. Үүнийгээ ярилцаад, өөрсдийнхөө боломжид тулгуурлаад, санаачилгатай ажиллаад зарим асуудлуудаа шийдэх байдлаар хэлэлцүүлэг, судалгааг хийж явна.

 

-Олон сайхан сонирхолтой, үнэтэй ном хандивлаж байгаа юм байна?

-Хүүхдийн номын фондод бодитойгоор ном хандивлаж байна гэдэг маань хүүхэд залуучууд шинэ гарсан, ховор, эрэлт хэрэгцээтэй, сонирхолтой номуудыг ирээд чөлөөтэй унших боломж бүрдэж байгаа нь бас том ач холбогдолтой зүйл.   

 

Одоогоор 19 аймагт хүүхдийн номын фондод зориулж тус бүр нь 2 сая гаруй төгрөгийн номыг хандивлаад байгаа.

Эдгээр номуудад хүүхдийн танин мэдэхүй, түүх, уран зохиол, монголын болон олон улсын шилдэг классик бүтээлүүд байгаа. Энэ номууд тодорхой хэмжээгээр үнэ өртөгтэй учир зарим орон нутгийн номын сангууд тэр бүр худалдаж аваад байх боломжгүй байдаг. Эдгээр номын жагсаалт, номын сонголтыг номын санчдын холбооны мэргэжлийн хүмүүс гаргасан.

 

-Австрали улс номын сангийн үйлчилгээгээрээ дэлхийд жишиг гэж та хэллээ. Хэрхэн энэ төслийг оруулж ирэв?

-Санаачилга нь гэвэл Австралид суралцаж төгссөн төгсөгчидтэйгөө Австралийн Засгийн газар их ойр ажилладаг юм. Тэр утгаараа манай төгсөгчид хоёр орны хоорондын харилцааг хөгжүүлэх тал дээр их хувь нэмэр оруулдаг. Энэ төслөөс өмнө 4 аймагт энэ сургалтыг 2022 онд хийсэн. Энэ сургалт амжилттай болсон учраас хязгаарлаагүй 21 аймагт хэрэгжүүлэх нь чухал юм гэж ярилцаад цааш үргэлжлүүлсэн. Австралийн ЭСЯ яагаад дэмжиж байна вэ гэхээр Австрали улс өөрөө нийтийн болоод иргэний номын сангийн хүртээмж, хөгжлөөрөө дэлхийд тэргүүлдэг.

 

Манай сургалтын багт номын сангийн мэргэжлээр Австралийн тэтгэлэгт хөтөлбөрөөр суралцаад ирсэн М.Даваасүрэн гэж хүн байгаа. Энэ хүн маань Австралийн номын сангийн туршлагыг өөрийнхөө номын сангийн туршлага дээр үндэслээд хуваалцаж байгаа.   

Энэ бол гадаадын туршлагыг номын санчидтайгаа хуваалцаж байгаа бас нэг ач холбогдолтой зүйл болж байна.

 

-Орон нутагтай хэрхэн хамтарч ажиллаж байна вэ?

-Мэдээж аймаг бүрд зохион байгуулахдаа тухайн аймгийн ЗДТГ, БШУГ-тай хамтран ажиллаж байгаа. Иймээс аймгийн удирдлагууд энэ талаар ойлголттой байна. Тухайлбал Сэлэнгэ аймгийн ЗДТГ-ийн хувьд ирэх оны төсөвт номын санчдаа компьютероор хангах төлөвлөгөөтэй байгаа гэсэн. Энэ нь хурлаараа батлагдвал энэ асуудал шийдэгдэнэ гэж ярьж байна.

Энэ салбарыг дэмжих нь иргэдийн соён гэгээрүүлэх, хүүхэд, залуучуудын танин мэдэхүй, боловсролыг тэлэх ач холбогдолтой юм.

-Танд баярлалаа.

相关新闻