БАЯН-ӨЛГИЙ: Иргэн С.Бекет 8 га газарт ойн төгөл бий болгожээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Өлгий, 2023 оны 10 дугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн иргэн С.Бекет тус аймгийн Алтанцөгц сумын Цонжийн хөдөө хэмээх газарт 8 га талбайд ойн төгөл бий болгоод байна.
Тэрбээр, 2010 онд Алтанцөгц сумын удирдлагуудад хүсэлт тавьж эзгүй элсэн тал газраас газар авч, хөрш зэргэлдээ Увс аймгаас 300 ширхэг чацарганын суулгац авч ирж суулгаснаар ажлын гараагаа эхэлсэн байна. Түүнээс хойш 13 жилийн турш уйгагүй хөдөлмөрлөж, жил бүр мод тарих талбайн хэмжээ, модны төрлөө нэмэгдүүлсээр иржээ.
Одоогийн байдлаар тэднийх 8 га хашсан талбайтай бөгөөд түүний 2 га гаруй газар нь бургас, улиас тарьсан ойн зурвас, 3 га нь 1500 ширхэг мод бүхий чацарганын талбай, үлдсэн хэсэгт нь жимс, жимсгэнэ, нохойн хошуу, тэхийн шээг зэрэг эмийн ургамал, төмс, хүнсний ногоо тарьсан байна. Ургац хураах ажлаа өнгөрсөн наймдугаар сарын 20-ноос эхэлжээ.
Тус талбайд жил бүр тариалалт хийх үеэр 15-20 хүн, чацаргана хураах үед 70-80 хүн ажиллаж ажлын байртай болдог байна. Өнөөдрийн байдлаар чацарганыхаа 70 орчим хувийг хурааж дуусжээ. Хэрвээ бүрэн хүчин чадлаар ажилласан тохиолдолд жилд 14-15 тонн чацаргана хураах боломжтой аж.
Түүний удирдсан "Бекжанай" компани нь Цонжийн хөдөөд 500 га газар эзэмшдэг. Өнгөрсөн жилүүдэд тухайн талбайгаас 6 км зайд оршдог Ховд голоос шуудуу татаж услалтын асуудлаа шийджээ. Мөн дэд станц байгуулж цахилгаан эрчим хүчээр бүрэн хангасан байна. Өнөөдрийг хүртэлх 10 гаруй жилийн хугацаанд 1 тэрбум орчим төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ.
Цаашид тариалалт хийх талбайн хэмжээгээ өргөжүүлж, модны төрлүүдээ нэмэх, эмийн ургамал тариалах, хураасан ургацаа эцсийн бүтээгдэхүүн болгож боловсруулах, “эзгүй тал газрыг ойжуулж ойн төгөл бий болгож болдог” гэдгийг ард иргэдэд ойлгуулан үлгэр дуурайлал болох хүсэлтэй байна.
Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч
У.Хүрэлсүхийн санаачилсан "Тэрбум мод" үндэсний хөтөлбөрийг дэмжиж, мод
үржүүлгийн газартаа 1 сая суулгац бэлдэх боломжтойг тэрбээр хэлж байв.
Иргэн С.Бекет эцсийн
бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилгын хүрээнд өөрийнхөө тарьсан чацарганаараа
өтгөрүүлсэн шүүс үйлдвэрлэж, ард иргэд, сургууль, цэцэрлэгүүдэд нийлүүлж байгаа. Мөн чацарганын
тос, навчаар нь хуурай цай үйлдвэрлэх судалгаа хийж, Герман-Хятадын хамтарсан
нэгэн компаниас шаардагдах тоног төхөөрөмжөө авахаар захиалга өгчээ.
Энэ мэт өөрсдийн хүч хөдөлмөр, нөөц боломжоороо хийж буй ажлуудыг орон нутаг, төр засаг бодлогоор, худалдан авалтаар дэмжиж өгвөл илүү үр дүнд хүрэх боломжтой гэдгийг онцолж байлаа.