С.Бямбацогт: Зам тээврийн салбар эдийн засгийн өсөлтөд зүтгүүр нь байхыг хичээн ажиллаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2023-10-06 16:27:54

Улаанбаатар, 2023 оны аравдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс хойшхи хуралдаанаар Шинэ сэргэлтийн бодлогод тусгагдсан зам тээврийн салбарын төсөл, арга хэмжээний хэрэгжилтийн талаарх салбарын сайдын мэдээллийг сонслоо. Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт энэ үеэрээ хэлэхдээ "Зам тээврийн салбар иргэддээ үйлчлэх чиг үүргээ ил тод, хөнгөн шуурхай чанартай хэрэгжүүлж, эдийн засгийн өсөлтөд зүтгүүр нь байхыг хичээн ажиллаж байна" хэмээн тодотголоо.


Зам, тээврийн салбар энэ эхний 9 сарын байдлаар, бүх төрлийн тээврээр нийт 75 сая.тн ачаа тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеэс ачаа тээвэр даруй 50 хувиар өссөн үзүүлэлт аж. Ачаа тээврийн энэхүү өсөлтөд төмөр замын тээвэр 33.5 хувиар, автотээвэр 133.5 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн бөгөөд цаашид ачаа тээврийн хэмжээ улам нэмэгдэхээр байна. Агаарын тээврээр оны эхний 9 сарын байдлаар нийт 1,3 сая зорчигч тээвэрлэсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад олон улсын зорчигч 137 хувиар, орон нутгийн зорчигч 27 хувиар тус тус өссөн байна. Монгол Улс Ази Европыг холбосон транзит улс болохыг зорьж байна. Энэ хүрээнд манай улс нийт 14 улстай автотээврийн хэлэлцээрийг байгуулан олон улсын тээвэрлэлт хийх суурь нөхцөлийг бүрдүүлжээ. Түүнчлэн Засгийн газраас хилийн боомтуудын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх, ачаа тээврийн терминалуудыг байгуулахад онцгой анхаарал хандуулж буй. Энэ хүрээнд эдийн засаг тэлж, экспортын хэмжээ нэмэгдэн, импортын тээвэрлэлт хурдсаж, тээврийн болон бараа бүтээгдэхүүний үнэ хямдран, аялал жуулчлал хөгжих бодит үр дүнгүүд гарсаар байна. Ганцхан жишээ хэлэхэд цар тахлын үетэй харьцуулахад тээврийн зардал 8-20 дахин хямдарсан байна.

Засгийн газраас 2023-2025 оныг Монголд зочлох жил болгон зарласантай холбогдуулан олон улсын болон дотоодын нислэгийн чиглэл, давтамжийг эрс нэмэгдүүлжээ. Өнөөдрийн байдлаар Монгол Улс дэлхийн 42 улстай Агаарын харилцааны хэлэлцээртэй болж, дэлхийн 115 цэг рүү шууд нислэг үйлдэх эрх зүйн зохицуулалтыг бүрдүүлсэн байна. Тухайлбал, хорин жил яригдсан Монгол Улс АНУ-ын хооронд шууд нислэгтэй болох асуудал бүрэн шийдэгдсэн. Ийнхүү шууд нислэгтэй болсноор тийзийн үнэ одоо буйгаас 2 дахин хямдарч, 1000-1500 ам.доллар болж, нислэгт зарцуулах хугацаа 10-12 цаг болж богиносох юм. Түүнчлэн ойрын үед Кувейт, Унгар, Их Британи, Испани, Латви Улстай Агаарын харилцааны хэлэлцээр байгуулахаар ажиллаж байна. Мөн монголчууд хамгийн ихээр оршин сууж буй улс орнуудын нэг болох Австрали улстай шууд нислэгтэй болохыг чухалчилж байгаа аж. 

БНСУ-тай Агаарын харилцааны хэлэлцээ хийж, Монгол Солонгосын хооронд долоо хоногт нийт 70 нислэг буюу өдөрт дунджаар 10 нислэг үйлдэх эрх зүйн боломжийг бүрдүүлж, аялал жуулчлалын оргил ачааллын үед өдөртөө 12 хүртэлх нислэг үйлджээ. Монгол Японы хооронд долоо хоногт 61, Монгол Туркийн хооронд долоо хоногт 28 нислэг үйлдэх эрх зүйн боломжийг бүрдүүлж, Агаарын харилцааны хэлэлцээрийг тус тус шинэчилсэн байна. Энэ онд үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ компани дэлхийн хамгийн сүүлийн үеийн технологиор бүтээгдсэн Бойнг 787-9 агаарын хөлгийг хүлээн авч, нислэгийн үйл ажиллагаанд ашиглаж эхэлснээр Монголоос дэлхийн аль ч цэг рүү шууд нисэх боломж бүрджээ. Ирэх оны зургаадугаар сар гэхэд МИАТ компани агаарын хөлгийн тоогоо 10 болгон нэмэгдүүлэх юм. Үүний зэрэгцээ орон нутгийн 8 чиглэлд нислэг сэргээж, онгоцны тийзийг 2-оос 2.5 дахин хямдруулжээ. 

Сүүлийн жилүүдэд манай улс дотоод нөөц бололцоог ашиглан төмөр замын том төслүүдээ амжилттай хэрэгжүүлж чадсан байна. Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөөнд 1820 км төмөр зам барихаар төлөвлөснөөс одоогийн байдлаар 960 км төмөр замын барилгын ажлыг бүрэн дуусгаад байна. Үлдсэн 860 км төмөр замын төслийг төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлэх аж. Манай улс урд чиглэлд Замын-Үүд гэсэн төмөр замын экспортын ганцхан гарцтай байлаа. Харин ойрын жилүүдэд Орос Монгол, Ази Европыг холбосон төмөр замын гурван коридор, Замын-Үүд-Эрээн, Гашуунсухайт-Ганцмод, Шивээхүрэн-Сэхэ, Бичигт-Зүүнхатавч, Ханги-Мандал гэсэн төмөр замын таван гарцтай болох гэж байна. Энэ нь Засгийн газраас санаачилсан Шинэ сэргэлтийн “Таван цагариг” хөтөлбөрийн төмөр замын салбарт дэвшүүлсэн бодлогын бодит биелэл болох юм.

Монгол Улс нийт 14,920 км олон улсын болон улсын чанартай авто замтай. Энэ оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр улсын болон орон нутгийн чанартай 400 км, тусгай зориулалтын 220 км, нийт 660 км хатуу хучилттай авто замыг ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. Ингэснээр олон улсын болон улсын чанартай авто замд эзлэх хатуу хучилттай авто замын хэмжээ нэмэгдэнэ. Цаашид Шинэ сэргэлтийн “Таван цагариг” хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд бүх аймгийн төвийг хооронд нь авто замаар холбох, урд хойд хөрш, Ази Европыг холбосон авто замын босоо таван коридортой болох ажлыг эхлүүлэхээр төлөвлөж байна гэж салбарын сайд мэдээлэлдээ дурдав. 




相关新闻