ОУХМ Т.Тулга Азийн наадмын аварга боллоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2023 оны аравдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. “Ханжөү 2022” Азийн XIX наадмын чөлөөт бөхийн дэвжээнд өнөөдөр Монголын таван тамирчин өрсөлдсөнөөс эрэгтэйчүүдийн 65 кг-ын жинд ОУХМ Т.Тулга Казахстаны Санзар Мухтарыг 10:0-ээр, дараа нь Камбожийн Бунна Ёныг 10:0, шөвгийн 8-д БНСУ-ын Ким Чан Суг мөн л оноогоор цэвэр ялснаар хагас шигшээд БНАСАУ-ын Ким Вон Жинийг 11:0-ээр илүүрхэж, алтан медалийн төлөө өрсөлдөхөөр шалгараад байсан.
Тэрбээр алтан медалийн төлөө ДАШТ-ий алт
(2022), Ази тивийн хошой аварга (2022, 2023) Ираны Рахман Амоузадхалитай барилдаж,
11:1 гэсэн онооны зөрүүгээр ялалт байгуулан Азийн наадмын аварга боллоо.
Харин эрэгтэйчүүдийн 57 кг-д зодоглосон Өсвөр үе, залуучуудын ДАШТ-ий
хүрэл медальт, залуучуудын Азийн аварга, “Хасу-Мегастарс” клуб, Үндэсний шигшээ
багийн тамирчин ОУХМ Н.Насанбуян хүрэл медалийн төлөөх барилдаанд Киргизийн бөх
Алмаз Уулу Бекзаттай барилдаж 8:2-оор ялж Азийн
наадмын хүрэл медаль хүртлээ.
Мөн "Ханжөү 2022" Азийн XIX наадмын чөлөөт бөхийн хоёр
дахь өдөр эмэгтэйчүүдийн 68 кг-ын жинд зодоглосон
Э.Дэлгэрмаа Казахстаны
тамирчин,
2008 оны Бээжингийн
олимпийн наадмын хүрэл, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 2 хүрэл, 1 мөнгөн
медальт Елина Шалигинаг 10:6 оноогоор илүүрхэж яваад даралтаар цэвэр ялснаар хүрэл медалийн эзэн болов.
Манай тамирчин эхний үед 0:6-гаар хожигдож яваад эхний үе өндөрлөхөөс хэдхэн секундын өмнө 4 оноо авч ойртуулсан бол хоёрдугаар үед хашир өрсөлдөгчөө илт илүүрхсээр медальд хүрсэн юм.